“Олон улсын Хүний эрхийн өдөр” тохиолоо. Бид энэ өдрийг тохиолдуулан хүний эрхийн өдрийг хэзээнээс эхэлж нийтээр тэмдэглэх болсон, хүний эрхийн талаарх ойлголт мэдээлэлтэй байх нь хэрхэн ач холбогдолтой талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Анужинтай ярилцаж, мэдээлэл бэлтгэв.
Танд өдрийн мэнд хүргэе, бидний урилгаар мэдээлэл, ярилцлага өгөх болсонд баярлалаа.
Та бүхэндээ баярлалаа, танай сайтын уншигч, дагагч нарт энэ өдрийн мэнд хүргэе мөн Хүний эрхийн өдрийн мэндийг хүргэе.
Хэзээнээс хүний эрхийн өдрийг нийтээрээ тэмдэглэх болсон вэ?
Энэ өдрийг 1948 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Дэлхийн II дайны дараа буюу 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг зарлан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2024 онд тус өдрийг “БИДНИЙ ЭРХ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ, ЯГ ОДОО” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүний эрхийн өдөр нь жил бүрийн 12-р сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэдэг онцгой өдөр юм. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” баталсан бөгөөд энэ тунхаглал нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах дэлхийн анхны баримт бичиг болсон. Энэ өдрийг тэмдэглэх нь хүн бүрт адил тэгш эрх, боломжийг баталгаажуулах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилготой.
Хүний эрх гэж яг юуг хэлдэг вэ?
Хүний эрх гэдэг нь хүн бүрд төрсөн цагаас нь хамааралтай байх ёстой заяагдмал эрхүүд юм. Үүнд амьд явах эрх, эрх чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг орно. Хүний эрх нь үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн байдал, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрд тэгш олгогддог.
Монгол Улсад хүний эрхийг хэрхэн хамгаалдаг вэ?
Монгол Улсад хүний эрхийг Үндсэн хуульдаа баталгаажуулж, бусад салбар хууль тогтоомжид хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийг хангасан заалтуудыг баталгаажуулж, хамгаалдаг. Мөн Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) нь иргэдийн эрхийг хамгаалах, хяналт тавих, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилладаг. Жишээлбэл, хөдөлмөрлөх, ажиллах орчны аюулгүй байдал, жендерийн эрх тэгш байдал, хүүхдийн эрх зэрэг олон чиглэлд анхаарч, зөвлөгөө өгч, асуудал шийдвэрлэхэд тусалдаг. Мөн манай прокурорын байгууллага нь өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангахыг тэргүүн зорилгоо болгон ажилладаг.
Иргэд хүний эрхийн талаар илүү их мэдээлэлтэй байхын ач холбогдол юу вэ?
Хүний эрхийн талаар мэдлэгтэй байснаар хүмүүс өөрсдийн эрхээ мэдэх, хамгаалах боломжтой болно. Түүнчлэн, хүний эрхийг ойлгож, хүндэлж, хүний эрхийн мэдрэмжтэй байснаараа бусдыг ялгаварлан гадуурхах, дарамтлах, бусдын эрхийг зөрчих зөрчлийг бууруулж, нийгэмд илүү шударга, эв нэгдэлтэй орчин бүрдүүлж чадна. Энэ нь гэр бүл, сургууль, ажил, нийгмийн амьдралд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг.
Хүний эрхийн өдрийг хэрхэн тэмдэглэвэл зохимжтой вэ?
Хүний эрхийн чиглэлээр тогтвортой тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон төрийн байгууллагууд хүний эрхийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал иргэдэд хүний эрхийн талаарх мэдээлэл түгээх сургалт, лекц, яриа таниулга, уулзалт зохион байгуулах, хүний эрхийг хүндэтгэх тухай ярилцлага, хэлэлцүүлэг хийх, хүний эрхийн зөрчил, асуудалд анхаарал хандуулсан урлагийн үзүүлбэр, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэргээр ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс энэ оны Хүний эрхийн өдрийн хүрээнд Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Замын-Үүд суманд амьдарч буй иргэдэд хүний эрхийн мэдрэмжээ дээшлүүлье сэдэвт уулзалтыг зохион байгууллаа, мөн төрийн алба хаагч нарт хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, дэмжих үйлсэд идэвхтэй оролцож байх, үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж хууль ёсны дагуу ажиллах талаар сургалт зохион байгууллаа.
Хүний эрхийн өдөрт зориулан иргэдэд хэлэх таны мессеж?
Хүн бүр эрх чөлөөтэй, нэр төртэй амьдрах эрхтэй гэдгийг мартаж болохгүй. Хүний эрх гэдэг зөвхөн хуульчид, мэргэжилтнүүдийн асуудал биш, харин хүн бүрийн хариуцлага юм. Тиймээс та өөрийн болон бусдын эрхийг хүндэлж, хамгаалж, энэ үнэт зүйлийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.
Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Та бүхэнд баярлалаа.