Г.ЗАНДАНШАТАРТ ЧИГЭЭРЭЭ ЗҮТГЭХЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

Г.ЗАНДАНШАТАРТ ЧИГЭЭРЭЭ ЗҮТГЭХЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

Ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь эдлэх үүрэг Г.Занданшатарт оногдов. Тэр гэвч өнөөдөр өөрийнхөөрөө хөдөлж амжаагүй сууна. 

Өмнөх засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хүслээр засгийн газар удирдаагүй. Тэр 2021 онд У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газрыг удирдсан. Ингэхдээ дийлэнх сайдыг хэвээр үлдээж, цөөн хэдэн сайдыг фракцын тохироогоор оруулж ирж байв. Л.Оюун-Эрдэнийн хүслээр орж ирсэн ганц, хоёрхон сайд л байлаа. 

2024 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мөн л өөрийн хүслээр бус өрөөл бусдын шахалтаар байгуулагдсан Засгийн газар. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хамгаална, олон кноп бүрдүүлнэ гэсэн итгэл тээж сөрөг хүчин болох АН-ын засагт урьсан. Гэвч түүний тооцоо буруу байжээ. Тэр МАН-ын 68, АН-ын 42, ХҮН-ын 8 суудлыг халаасанд хийсэн Засгийн газар байгуулсан ч өвдөг шороодов. Үүний цаана бол УИХ дахь тоо чухал биш гэдгийн тод жишээ боллоо. 

Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулж ирж чадахгүй, хөшигний цаана тохирч чадахгүй сууна. Өөрийн хүслээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулах эрх мэдэл нь өөрт нь байгаа. Гэвч өөрийг нь энэ албан тушаалд түлхсэн У.Хүрэлсүх, өөрт нь дэмжлэг үзүүлнэ гэж итгэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүслийг хангахын тулд хөл нь тушаатай, гар нь гавтай, ам нь үдээтэй сууна. 

Г.Занданшатарын Засгийн газар богино настай байх тухай ам уралдах хүн олон. Гэвч богино байна уу? урт байна уу гэдгийг нэгэнт л хувь заяандаа даатгахаас өөр арга байхгүй. УИХ дахь суудлын тоогоор хэмжих шаардлага байхгүй. 118 кноптой гэж итгэсэн Л.Оюун-Эрдэнэ өвдөг шороодож байхад өнөөдөр 68 суудалдаа бат итгэх нь Г.Занданшатарын сонголт. Дахин олон суудал бүрдүүлэх гэж оролдох тусам гомдогсод ихсэх эрсдэлтэй. 

МАН-ыг дангаар нь засгийн газар байгуулах эрхийг ард түмэн өгсөн. Тэгэхээр Г.Занданшатар өөрөө дан дээлтэй тул давхар дээлтэй 22 сайдыг засгийн газартаа авах эрх нь нээлттэй байна. Тэгэхээр хэмнэлт хийгээд сайдын тоог хасах уу? эсвэл нүдээ аниад ямба эдлээд 22 сайдтай урагшлах уу гэдгээ шууд шийдэх хэрэгтэй. МАН-ын 68 суудлыг бат найдвартай багцлахын тулд 20 сайд түүнд хэрэгтэй. Тэр тэгж байж ядаж 68 хүнийг тогтоон барьж дийлнэ. 

Сайдын суудлаас ховхрох дургүй 4 сайдыг яаж ийгээд үлдээх хувилбар нь Г.Занданшатарт тустай. Харин ховхорох дургүй ч хөдөлгөж болох 4-5 сайдыг буулгаж, оронд нь өөрийнх нь фракцын сайдыг томилох хувилбар яригдах нь гарцаагүй. Ингээд үлдсэн 10 орчим сайдад шинэ хүмүүсийг гаргаж ирнэ. Гэхдээ энэ нь 1980-аад оны төлөөлөл болох 4 сайд үлдсэн нь фракцуудын эв нэгдлийг хангах юм. 

Засгийн газраас явуулах ёстой сайдын тэргүүн эгнээнд Б.Жавхлан бичигдих нь гарцаагүй. Л.Оюун-Эрдэнийн төсвийг атгаж байсан Б.Жавхлангийн алдаатай бодлого өнөөдрийн төсөв мөнгөний хэцүү байдалтай шууд холбогдох юм. Тоо худал хэлдэггүй гэдэг шиг Б.Жахлангийн бодлого бай оноогүйг төсвийн алдагдал, данхайсан төсөв шууд хэлнэ. 

Гадаад харилцааны сайд Батцэцэг, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар бол яах аргагүй явах сайд нар мөн.