АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ

АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ

Ардчилсан намын ҮБХ-ны хурал өнөөдөр болно. Тус намын журмын нөхөд инээлдэн, тэвэрэлдэж уулзах нь гарцаагүй. Харин хоёроос гурван цагийн дараа хэрэлдэж, хэсэг нь гомдол тээж, хаалга савж, нөгөө хэсэг нь хурлын дундуур хуйвалдаан хийж, хуйвалдааны гадна үлдсэн хэсэг нь цамнаж, үзүүштэй үргэлжлэх нь гарцаагүй. 

Учир нь хурлын дэгийг эвдэх, хурлыг сарниулах, хурлын зохион байгуулалтыг үгүйсгэх хүч тус намаас төрөн гарсан Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгад байгаа. Учир нь тус намын одоогийн дүрмээр Х.Баттулгын тал үнэмлэхүй ялагдал хүлээхээр дүр зураг, дүрслэл үүсчихэв. 

Ардчилсан нам дотор 10 гаруй жижиг том фракц байдаг. Энэ фракциудын хүч хаана төвлөрч чадна тэндээс эрх мэдэлтэн төрдөг жамтай. Тухайлбал нэг хэсэг Шонхор фракц Ардчилсан намд азаргалж байлаа. З.Энхболд, С.Эрдэнэ нарын хоршил энэ намыг хэсэгтээ залсан. Үүнээс өмнө Н.Алтанхуяг толгойлж байсан Алтан гадас фракц магнайлж байв. 

Харин Л.Гантөмөрийн үед 1А буюу Нэг ардчилал фракц хүчтэй байв. Гэхдээ энэ хүч ганц Л.Гантөмөрийн хүч биш. Түүний ард Ардчилсан намын үе үеийн хуучуул араас нь чиглүүлж, дэмжиж байлаа. Л.Гантөмөрийг Ардчилсан намд хөтөлж оруулж ирсэн хүн бол УИХ-ын дэд дарга асан, АПУ-ийн тодотголтой Г.Батхүү агсан. Түүний байгуулсан фракц, клубууд бүгд 1А фракцын эд эс болж, дэмнэж яваа. Мөн энэ фракцыг алсаас алга ташдаг хүн нь Ц.Элбэгдорж. 

Ардчилсан намын дараагийн даргын сунгаанд Л.Гантөмөр чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал дараагийн дарга хэн байх вэ? энэ шийдвэрийг Л.Гантөмөр хөшигний цаана зурсан гэхэд болно. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар бухимдаж, энэ хурлаар зөвхөн дүрэм ярих шаардлага нэхэж буй нь Х.Баттулгын тал жийгдсэнтэй шууд холбоотой. 

Ардчилсан намын дараагийн дарга хэн болохыг Америкаас зааварлаж, бас улс төрийн найруулга хийж суугаа хүн бол Ц.Элбэгдорж гэсэн яриа тус намынхан дунд гарсан гэнэ. Ингэж хардах олон шалтгаан тус намынханд байгаа бололтой. Нэг Монгол фракцын зүгээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргад зүтгүүлж эхэлсэн. О.Цогтгэрэл Ардчилсан намын дарга болох бэлтгэлийг 2020 оноос хойш хийж буй. Ардчилсан намын дарга болох гэж зүтгээд жийгдсэн, ялагдсан, хор найруулалтын гадна үлдсэн гээд гомдол, бас сургамж олон бий. Тийм ч учраас намын даргын тамга атгахын тулд хэнтэй нөхөрлөж, хэнээс нүүр буруулах вэ? гэдгийг энэ өдрүүд хамгийн сайн хийж байгаа улс төрч мөнөөсөө мөн. 

Ц.Элбэгдоржийн хувьд Ардчилсан намын даргад ганц хүн сойгоод түүндээ итгээд суух хүн биш. Тийм ч учраас эцсийн мөчид гар бариад дуусаж чадах, бас нэгэнт тамгатай гэгдэх хүнийг зүтгүүлж эхлэв. Тухайлбал УИХ-д орсон цагаасаа эхлэн С.Баярцогтын хүн гэж хардагдах болсон М.Баярмаа гишүүнийг намын даргад С.Баярцогт, Куланда нарын хүмүүс зүтгүүлж эхэллээ. Баярмаа бол ялах нь чухал биш. Харин ялах хүнээс Х.Баттулгын хүмүүсийг үргээх нь чухал. 

Хэрэв өнөөдөр бол Ардчилсан намын ҮБХ-гоор тус намын даргаас Л.Гантөмөрийг чөлөөлж, дараагийн даргыг сонгохдоо хүрвэл Ц.Элэгдорж тус намын дарга болно. Ингэж таамаг дэвшүүлэхийн цаад шалтгаан бол Ардчилсан намын дүрмээр сүүлийн 4 жил ҮБХ-ны сонгуульт ажил хийсэн хүн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй гэсэн заалт нь О.Цогтгэрэл, М.Баярмаа нарт ашигтай. Харин нэр дэвшихээр яригдсан Ч.Лодойсамбуу, Ж.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нарт томоос том, өндөрөөс өндөр босго болох юм. Хэрэв ҮБХ-ны 300 орчим гишүүний дунд намын дарга сонгох үйл явц өрнөх аваас О.Цогтгэрэл 60 гаруй хувийн санал авч, М.Баярмаа 40 орчим хувийн санал авч Ц.Элбэгдоржийн зурсан зураг биелэх биз ээ.