Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн түүхтэй.

Монгол Улсад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн түүх 1921 онд “Саж ламын хэрэг” гэгч зохиомол хэргээр эхлэл нь тавигдаж, 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо нарын 14 хүнийг Шар хаданд буудан хороожээ. Улмаар нам, төрийн зүтгэлтэн С.Данзан нарыг үргэлжлүүлэн хэлмэгдүүлж, 1930-аад оноос хэлмэгдүүлэлт улам зохион байгуулалттай болсны жишээ нь “Лхүмбийн хэрэг” байв. Хэлмэгдүүлэлт 1937 онд оргилдоо хүрч, 1990 он хүртэл бусад хэлбэрээр үргэлжилсэн байна. Олон мянган хүний амь нас, ажил амьдрал, эрүүл мэндийг хохироож, үр хүүхэд, удам хойчсыг сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хэлмэгдүүлсэн аймшигт үйл явц 1921-1990 оны хооронд эрчимтэй үргэлжилсэн гэсэн үг. Үүнийг “Их хэлмэгдүүлэлт, Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн тодотгодог.

Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан он жилүүд нь 1937-1939 он байсан бөгөөд энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан ихэнх хүн өртөж амь насаа алджээ. Мөн нэг хэсэг нь шорон гянданд хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр хоригдож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлджээ.