УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Х.Булгантуяа үндсэн хууль зөрчсөн гэх агуулга буй.
Дээрх агуулгыг мушгин гуйвуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оролдсон гэх байдлаар улс төрчид давшилж эхлэв. 126 гишүүнтэй парламентийн гаргаж буй шийдвэр нь нэг хүний буруутай үйлдэл байх боломжгүй.
Төрийн эрх мэдэл гэж яг юу вэ?
Монгол Улсын Засгийн газар төр үү?

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
Нэгдүгээр зүйл.
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Хоёрдугаар зүйл.
1.Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Гуравдугаар зүйл.
1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
2.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
НЭГ. Монгол Улсын Их Хурал
Хорьдугаар зүйл.
Хэвлэх
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
Эдгээр зүйл заалт бол Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс, бас тунхаг. Эндээс харах юм бол төрийн эрх барих бүх эрх мэдэл зөвхөн ард түмний гарт байна. Ард түмэн төрийн эрх барихдаа төлөөлөөр дамжуулан эрхээ эдэлнэ. Төлөөлөл гэдэг нь УИХ-ын гишүүнийг нэрлэж байна.
Нөгөө талд нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж тунхаглаад өгчээ. Тэгэхээр Засгийн газар бол төрийн эрх барих дээд байгууллага биш. Засгийн газрын эрх мэдэл гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас омилогдож буй гүйцэтгэх эрх мэдэл. Энэхүү эрх мэдлийг эзэмшиж буй этгээд нь УИХ-ын төлөөллийг төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэж тулган тунхаглах нь зүйд үл нийцэх ухагдахуун юм.
Тэгэхээр Х.Булгантуяа төрийн эрх мэдлийг булаан авах гэсэн үйлдэлд нэр холбогдох ёсгүй. Нөгөө талд УИХ-аас томилогдож буй гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Засгийн газар нь сайд нарыг УИХ-ын чуулганд оруулахгүй суух нь өөрөө харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн эс үйлдэхүй гэж зарим хуульчид тайлбарлаж байна.
Улс төрийн нанчилдаан дунд Х.Булгантуяа гэдэг эмэгтэй улс төрчийг золигт гаргах нь зүй бус үйлдэл юм. Х.Булгантуяаг буланд шахахаасаа өмнө бусад нь ч гэсэн буруугаа бодож, байр байрандаа байж сурах цаг болжээ.
Тэр дундаа Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдэл тул УИХ-ын өмнө үүргээ ухамсарлаж, УИХ-ын чуулганд дуудсан цагт нь бэлэн байж сурах хэрэгтэй. Түүнээс УИХ-ын гишүүний ажлаа умартаж, сайдын ажлаа нэгдүгээр барих нь буруу жишиг болох талтай.