Шүүх нь толгойг нь илсэн баячуудын хүүхдүүдийн танхайн хэргийг гадны хамтрагчид нь уучлах уу?

Шүүх нь толгойг нь илсэн баячуудын хүүхдүүдийн танхайн хэргийг гадны хамтрагчид нь уучлах уу?

Таван богд" группийн эзэн Баатарсайханы Амарсайхан, Жем интернэшнл группийн эзэн Цэрэнпунцэгийн Санжэйчойжпил нарын залуус танхайрч, бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулж, 1 тэрбум 600 сая төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учир шүүхээс хорихгүйгээр шийдэж өгөхийг хүссэн. Үүнийг шүүх хурлын явцаас та бид бүгд харав. 

Шүүхээс Б.Амарсайхан, Ц.Санжэйчойпил нарт 1 жилээс 1,2 жилийн хугацаанд Монгол улсаас гарахгүй байх хатуу шийтгэлийг анхан шатны шүүх оногдуулж байна. Монголын толгой баячуудад Монгол улсын хилээр алхахгүй гэдэг бол шоронд хорьж байгаа шиг шийтгэл юм байна гэх хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд өрнөж эхэллээ. 

Монгол биш өөр улсад байсан бол өнөөдөр эдгээр бизнес эрхлэгчдийн бизнесийн хохирол ёс зүйн асуудлаас болж хэдэн тэрбумаар хэмжигдэх байв. Тухайлбал Говь ХК-ийн захирал Б.Амарсайхан гудамжинд танхайрч хүн зодсон учир бүтээгдэхүүний борлуулалт нь буурах, Жем интернэшнл ХХК-ийн эзний хүүхэд гудамжинд танхайрч хүн зодсон учир бүтээгдэхүүнээс нь татгалзах гэх мэт асуудал өрнөх байсан биз. 

Харин Монголд учраас тэд бүхнийг үл тоож, хуулин дээгүүр алхаж байх шиг байна. 

Монголд шүүх нь толгойг нь илж, хэрэглэгчид нь нүүр буруулдаггүй юм гэхэд эдгээр бизнес эрхлэгчдийн түнш болох гадныхан хэрхэх бол гэдэг сонирхол татаж байна. 

Тухайлбал Таван богд групп бол олон улсын франчайс эзэмшдэг компани. Мөн Говь ХК бол дэлхийн зах зээл дээр борлуулалтаа хийдэг аж ахуйн нэгж. Тэгэхээр захирал нь ёс зүйн алдаа гаргасан байхад гадны улсууд Говь ХК-ийн бүтээгдэхүүнийг тэргүүн лангуундаа байрлуулах болов уу? 

Мөн Таван богд групптай хамтран ажилладаг Японы томоохон аж ахуйн нэгжүүд хэрхэх бол гэдэг анхаарал татна. Япон бол ёс зүйн дээд хэмжээнд сахиж, бизнестээ ёс зүйг чандлан сахих шүаардлагыг хамтрагч нартаа тавьдаг билээ.