Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь уг хуулиас хасахаар төсөлд тусгажээ.
Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар:
– Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ;
– Шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ;
– Төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ;
– “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид дурдсанаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлс болох “төрийн анхан шатны мэдээлэл хомс, нээлттэй, ил тод биш, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хангалтгүй, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудал доголдолтой” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.