Хөөсөн шигээ хөөгдсөн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан

Хөөсөн шигээ хөөгдсөн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН дотор хуваагдал үүсэж, 33:32 албан бус бүлэг бий болж байв. Шалтгаан нь МАН-ын даргын суудлыг авч, эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн улс төрчдийн хатуу ширүүн тэмцэл өрнөсөн. 

Энэ өрнөлд 33 бүлэг нь У.Хүрэлсүх гэдэг улс төрчийг МАН-ын дарга, Ерөнхий сайд болгохоор шулуудсан байсан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ дурдаж байна. Үнэн тухайн үед шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өөрөө гарч сэлэм эргүүлээгүй ч түүний фракцын залуус сэлэм эргүүлж, шударга 5 гэх улс төрчид УИХ дотор мандаж, араас нь алга ташсан 33 гишүүн У.Хүрэлсүхийн талд намирч байлаа. 

Энэ үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, МАН-ын даргаар М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат нар ажиллаж байв. 33:32 болж хуваагдсан УИХ дахь МАН-ын бүлгийн тэмцлийн үр дүнд 2017 оны 10 дугаар сарын 04 өдөр хуралдсан УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын 47 гишүүн оролцсон чуулганаар 100% дэмжиж байв. У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилдог УИХ-ын чуулганы хуралдаанд М.Энхболдын талын 29 гишүүн оролцоогүй юм. 

Ерөнхий сайдын тамга атгасан У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгох ажлыг нам дээрээ гардан хийсэн хүн бол Д.Амарбаясгалан. Түүний хувьд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн намын дарга М.Энхболдоос нүүр буруулж, У.Хүрэлсүхтэй хүч хавсран 2017 оны 11 дүгээр сарын 21 өдөр болсон тус намын 27 дугаар их хурлаар намын даргаар У.Хүрэлсүхийг томилж байв. 

Дээрх томилгоо болтол өрнөсөн улс төр бол 60 тэрбумын схем гэх хэрэг. Өнөөдөр энэ хэргийн буруутан гэгдэж, түмнээр шүүлгэж байсан улс төрчид намынхаа индерт эгнэн суух болжээ. 

Тухайн үеийн Нийслэлийн МАН-ын хорооны дарга байсан Ц.Сандуйг 60 тэрбум гэх гуншингаар шалтаглаж, унагаах ажилд оройлон оролцсон улс төрчдийн нэг бол тэр үеийн МАН-ын ЕНБД байсан Д.Амарбаясгалан. 60 тэрбумын схемд Ц.Сандуй буруутай гэж хэлээд огцруулах ажлыг гардан хийж байв. Ингээд 2017 оны 09 сарын 12 өдөр НИТХ-ын даргын суудлаас нь чөлөөлж байлаа. МАН-ын байрнаас Ц.Сандуйг хөөсөн эрхмүүдийн тэргүүн эгнээний улс төрч нь Д.Амарбаясгалан гэж тус намынхан хоорондоо шивнэлдэж ярьсаар өнөөдрийг хүрчээ. 

Төрийн ордонд хотын фракын толгой, тухайн үеийн МАН-ын дарга байсан М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас ховхлохын тулд 60 тэрбумын Ц.Сандуйгаар малгай хийж, МАНАН бүлэглэлийн толгойлогч болгон цоллож байгаад унагаах акцын удирдагч нь Л.Оюун-Эрдэнэ байв. Тэр энэ ажлыг хийх зориг, хүчийг У.Хүрэлсүхээс авсан гэдгээ өчигдөр Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо дурдаж байна лээ. 2017 оны сүүлд намын дарга, Ерөнхий сайдын суудлыг У.Хүрэлсүхэд авч өгсөн дүү нарын тэмцэл 2019 оны 01 дүгээр сарын 29 өдөр М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлж чадсанаар зорилгодоо хүрч байлаа. 

Ийнхүү МАН-ын эрх мэдлийг У.Хүрэлсүхэд атгуулахын тулд М.Энхболдыг өрөөнөөс нь чирж, албан тушаалаас нь татан унагааж, намын хаалгаар хөөх ажлыг Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэв. Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг хотын фракцын хүчийг алдагдуулахын тулд татаж унагаах ажлыг гүйцэтгэж, намынхаа хаалгаар хөөж гаргах ажлыг гардан гүйцэтгэгч нь Д.Амарбаясгалан байсан гэдгийг цаг хугацаа харуулах болжээ. 

Харин өнөөдөр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөө МАН-ын хаалгаар хөөгдөн гарч байна. Тэднийг намын хаалгаар хөөж байгаа хүн нь У.Хүрэлсүх гэж Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ярилцлагдаа дурдчихав. Бусдыг намынхаа хаалгаар хөөж явсан хоёр найз өөрсдөө хөөгдөж байгаа нь Үйлийн үр нь үү? эсвэл үнэхээр У.Хүрэлсүх гэдэг улс төрч эрх мэдлийн төлөө дүү нараа хөөсөн үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Эсвэл улс орны эрх ашгийн төлөө энэ үйлдлийг хийсэн үү гэдгийг бид хэсэг хугацааны дараа шүүн тунгаана.