Улсын Их Хурлын дарга Н.Учрал анх удаа чуулган нээж үг хэлэв. Гэвч чуулганы нээлтийг анхны бөгөөд сүүлийн удаа хийсэн болж таарах хувь тавилан түүнийг угтлаа. Хэдхэн сарын өмнө Намрын чуулганы хааж үг хэлсэн. Н.Учрал гэдэг улс төрч намрын чуулган хаасан, хаврын чуулган нээсэн гэдэг намтартайгаар УИХ-ын даргын суудлаас буух магадлал тун өндөр болж байна.
Түгжилдэж намын дарга болсон гэх гуншинг түүнд журмын зарим нөхөд нь өгсөн харагдана. Үнэн хэрэгтээ Н.Учралд намын дарга болох, УИХ-ын дарга болох үүд хаалгыг намынх нь нөхөд, тэр дундаа Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар засаж өгсөн. Тэдний хэрүүл тэмцэл, талцал хуваагдал нь өнөөдөр Н.Учралд намын даргын тамга атгах хувь тавиланг шигтгэж өгсөн билээ. Нэг үгээр хэлбэл тэр дотроо хүссэн ч ил гаргахгүй явсаар хувь заяагаа шийдүүлсэн гэж болно.
Маргааш яг тэр тавилан нь дахиад ирэх болж байна. УИХ-ын хаврын чуулган нээсэн даруй УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, намын дарга нь УИХ-ын дарга хийж болохгүй. МАН-ын дарга Н.Учрал дахин УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахгүй. Хэрэв даргалах нөхцөлд чуулганд орохгүй гэдэг хатуухан мэдэгдлийг хийчихлээ.
Энэ мэдэгдэл Н.Учралд том цохилт биш. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарт том цохилт болон бууж байна. Учир нь Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлыг хийж, 2027 оны Сонгуультай золгоно гэсэн хүлээлттэй явсан. Тийм ч учраас намынхаа зарим нөхдийг журамлаж, хилийн хориг тавьж, хил хязгаар тогтоох хэлбэрээр өөрийгөө хамгаалж байв. Гэтэл тооцоогүй улс төрийн тоглолтыг сөрөг хүчин гаргачихлаа.
Сөрөг хүчний гаргаж байгаа энэхүү улс төрийн нүүдлийг алга ташин харж суух нь Н.Учралд ашигтай. Эс үйлдлээрээ тэр хүлээн зөвшөөрч, ил хүлээн зөвшөөрөөгүй хэлбэрийг гаргах нь гарцаагүй.
Сөрөг хүчний энэхүү хүсэл дээр хүч хаях улс төрийг Л.Оюун-Эрдэнэ талынхан буюу МАН-ын зодоонд ялагдсан хэсэг дэмжих болно. Тэд дэмжихдээ алга хавсарч дэмжих үү? аль эсвэл чимээгүй ажиглаж дэмжих үү гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болно. Ер нь бол алга хавсрахгүй, харин кнопоо бэлдэж, огцруулах засгийн газрыг кнопын тоог нэмэгдүүлэх хэлбэрээр л хүлээсэн, бас харсан байх болов уу. Яарвал даарна гэгчээр өнгөрсөнд ойворгон зангаасаа болж онхолдсон залуус одоо бол хярж суугаад хожлын талд нүүдэл хийх гэж зүтгэнэ.
Хоёр тал тэмцэлдэж, хэмлэлдэж явах зуур албан тушаал ахиж, асуудалгүй суудлаас суудлын хооронд нүүдлэх хувь тавиланг атгасан улс төрч нь Н.Учрал болж байна. Түүнд энэ хавартаа багтан Монгол Улсын Ерөнхий Сайд болох боломж өөрийнх нь оролцоогүй нээгдэх нь ээ.