УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-ыг зорив. Гэхдээ тэрбээр УИХ-ын даргын хувиар бус эрх баригч МАН-ын даргын хувьд БНХАУ-д тус ажлын айлчлал хийхээр зорин очоод байна. Тодруулах юм бол тэр төрийн ажил ярихгүй, харин намын ажил ярина гэсэн үг. Хятадын коммунист намын шугамаар айлчилж байгаа энэхүү айлчлал нь МАН болон Хятадын коммунист намын хоорондын хамтын ажиллагааны ирэх жилүүдийн өнгө товыг гаргана гэсэн үг.
Н.Учралыг явж байгаа энэхүү айлчлал нь нэг талаасаа өөрт нь амьсгалах боломжийг олгож, нөгөө талдаа өөрийнх нь хувь заяаг ах нар нь шийдэхэд хажууд нь бүлтийж суухгүй байх боломжийг олгов.
УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн Н.Учралаар УИХ-ын даргын ажлыг хийлгэхгүй. Намын дарга УИХ-ыг удирдаад суух нь зохимжгүй гэсэн хатуу байр суурийг илэрхийлж, эрх баригч МАН-ын буланд шахчихсан учир асуудлыг дэнслэх, арга чарга хайхад Н.Учрал толгой өвдөх шаардлагагүй болов.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр учраа олно гэж хүлээсэн ч тусыг эс олов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун аймгуудад ажиллаж, улс төрийн зодооноос хол мэт дүр эсгэв.
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байгаа нэрийдлээр мөн л асуудлыг шийдэхгүй байх дээр төвлөрч байна.
Харин бууриа сахиж үлдсэн Г.Занданшатарын хувьд Усны газарт ажиллаж, Оюу толгойн ус бохирдуулагчийн төлбөрийг нэхэмжлэхийг зөв гэсэн дохиурыг өгч, Усны газрын дарга З.Батбаярыг итгэлтэй ярих эхлэлийг тавьчихлаа. Тэр сүүлд засгаас унахад Оюу толгойтой тэмцсэн маань унах үндэслэл боллоо гэдэг тайлбараа тавих сууриа бэлдэв бололтой.
Г.Занданшатар хэдхэн хоногийн өмнө Оюу толгойн төлөөлөлтэй уулзахдаа Монгол улс байгалийн баялгийнхаа 60 хувийн шууд өгөөжийг хүртэх эрхтэй. Энэ хүрээнд хэлэлцээр хийнэ гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн гэж сурталчилж байв. Харин өнөөдөр Оюу толгой ХХК-иас ус бохирдуулсны төлбөр гэж хэдэн тэрбум ам доллар нэхэмжлэх сууриа бэлдлээ. Ингээд Г.Занданшатарын Засгийн газар Оюу толгой ХХК-иас ус бохирдуулсны төлбөр нэхэж, акт тавина. Энэ маргаан цааш үргэлжлэн арбитртаа хүрэх биз.
Хэрэв муугаар бодвол маргаан эхлэхтэй зэрэгцээд Г.Занданшатарын засгийн газар огцрох биз. Өөрийн хүсэлтээр л огцрох болов уу. Тэр зургийг өнөөдөр, маргаашдаа ярьж, зурах үүрэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр нарт оногдов. Улс төрд бараг л насаараа нөхөрлөж, шадарлаж яваа 1970-аад оны төлөөлөл болсон дээрх эрхмүүд үүссэн улс төрийн нөхцөл байдлаас эрх мэдлийг хадгалж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн төлөөллийг өрсөлдүүлэх суурийг хадгалж үлдэхийн тулд Н.Учралд Ерөнхий сайдын тамга атгуулна. Гэхдээ Н.Учрал тамга атгасан ч үгнээс нь гарахгүй, өмнөх Л.Оюун-Эрдэнэ шиг сөрөхгүй байх баталгааг хэрхэн хийх вэ гэдгээ учрыг олно гэсэн үг.
Харин Н.Учрал бол ах нарын шийдсэн шийдвэрээр "УРАГШАА" гэсэн уриан дор албан тушаалаа өөрчлөх амбицдаа хүрэх нь ээ. Энэ 7 хоногтоо багтаж Н.Учралыг Ерөнхий сайд болгох зургийг бүрэн зурж дуусахаар 1970-аад оны ах нар зөвлөлдөөд эхэлсэн байна.
Харин Н.Учралын толгойлох Засгийн газарт хэн хэн сайд болох вэ? Үүнд хэн ямар нөлөөлөлтэй оролцох уу? Зөвхөн 1970-аад оныхоноороо эрх мэдэлд суух уу? 1980-аад оныхон буюу Л.Оюун-Эрдэнэ талтай хавсрах уу гэдгээ шийдэхэд л хамгийн их хүндрэл нь байгаа юм. Г.Занданшатарын засгийн газар шиг ганц талдаа хүчээ нөөгөөд Н.Учралыг Ерөнхий сайд болгоод явахаар Л.Оюун-Эрдэнэ талынхан урагшлуулахгүй улам тээг болно. Засагтаа суудал өгч, хамтрахаар өмнө ярьсан олон асуудлыг тохиролцох хэлбэрлүү оруулна гэх мэт бэрхшээл үүсэж эхэлсэн байна.
Энэ бүхнээс хожиж үлдсэн ганц хүн нь Н.Учрал мөнөөсөө мөн. Тэрбээр хэнтэй ч муудахгүй, зөвхөн өөрийнхөө ам хэлээр бус ах нарын заавраар Ерөнхий сайд болно. Харин түүнд Ерөнхий сайд гэх нэр байвч, нэг ч сайд томилж чадахгүй, нэг ч хүнийг халах эрхгүй утсан хүүхэлдэй Ерөнхий сайд байх хувь заяа бий болов уу?