Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр цагтаа Ерөнхий сайд болох боломжтой гэж үнэлэгдэж байсан улс төрч. Гэвч ЖДҮ-д нэр холбогдож, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ зээл авч өгсөн дуулианы улмаас 2020 оны сонгуулийг өнжиж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажлын албаны даргаар ажилласан билээ. Тодруулбал 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан.
Харин 2024 оны Сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, буцаж улс төрд эрх мэдлээ шат шатаар ахиулах ажлыг гардан гүйцэтгэж байна. Тэрбээр 2024 онд ХХААХҮ-ийн сайд болж, УИХ-аар тогтоол гаргуулан тус яамыг Дархан-Уул аймагт нүүлгэсэн. Өөрийнхөө бизнестэй яамын ойртууллаа гэдэг шүүмжлэл явсан ч тэгж гээд намжсан нь Ж.Энхбаярын сайных бус, нийгмийн ороо бусгаа үетэй холбоотой гэж болно. Ж.Энхбаярын зөв байсан эсэх нь Үндсэн хуультай зөрчилдөж буй гэдгийг хэлэх улс төрчид бий. Гэхдээ энэ бол одоо Ж.Энхбаярт хамааралтай сэдэв биш.
Ж.Энхбаярын хувьд хэдхэн сарын өмнө өөрийнхөө замыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэх сэтэрт зурсан байж болзошгүй. Гэхдээ ганцаараа бус үе тэнгийн найзууд болох МАН-д нөлөөллөө тогтоосон Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хамтаар энэ зургийг зурсан гэх таамаг явж байна.
Гэвч УИХ-ын дарга Н.Учралыг буулгаж, Ерөнхий сайд болгох дуулиан төлөвлөгөөнөөс эрт эхэлсэн тул Ж.Энхбаярт зориулсан МАН-ын удирдлагын зурсан зураг өөрчлөгдөх тийшээ явжээ.
Н.Учрал Ерөнхий сайд болсон нөхцөлд УИХ-ын даргын албан тушаалыг Ж.Энхбаярт өгөх нь зөв гэсэн дээр 1970-аад оны төлөөлөл зөвшилцжээ. Гэхдээ УИХ-ын даргын албан тушаалд очих хүсэлтэй гэдгээ ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт илэрхийлсэн байна. С.Бямбацогтын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс дэмжлэг сул тул Ж.Энхбаяр илүү магадлалтай болжээ.
Ж.Энхбаярыг УИХ-ын даргын албан тушаалд зүтгүүлсэн нөхцөлд хотын намын хорооны даргын төлөө хэнийг зүтгүүлэх вэ? гэдэг нь хамгийн том толгойны өвчин болж хувирч байгааг мөн 1970-аад оны төлөөлөл зөвлөлдөж, шийдлээ олсон нөхцөлд Ж.Энхбаярт УИХ-ын даргын тамга атгуулахаар зөвлөлдсөн сурагтай.