Ах дүүгийн тэмцэлд Авлигатай тэмцэх газар хэнд нь үйлчлэх вэ?

Ах дүүгийн тэмцэлд Авлигатай тэмцэх газар хэнд нь үйлчлэх вэ?

Авлига, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг хэрээс хэтэрч, Монгол Улс авлигын түвшин жил бүр өсөж, албан тушаалтан бүр түмний боломжийг хулгайлж, төрөөс төрсөн тэрбумтангууд олширч байгаа гэдгийг ойрын өдрүүдэд улам бүр л тод мэдрэх нь бололтой. 

Өнгөрсөн хавраас эхэлсэн улс төр улам халуурч, чи би гэсэн тэмцэл тартагтаа тулахад тун ойрхон байна. 

2017 онд хага үсэрч, 33:32 болон хуваагдаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж байсан тэр үеийн МАН-ын тэмцэл өнөөдөртэй харьцуулахад харьцангуй аядуу зөөлөн, албан тушаалын тэмцэл нь хоорондоо бус гуравдагч этгээдтэй илүү холбогдож, МАНАН гэх нэр томьёололд дор явж байв. Ингэхдээ идсэн, уусан, хахаж цадсан, халтирч завшсан мөнгө нь 60 тэрбум гэх нэрээр л үлдэж байлаа. 

2017 оны тэмцэл хүзүү сээр холбогдож, хөл гар барилцан, ах дүүгийн барилдлагатай явж байсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтрал ялалт байгуулж, М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлагыг буланд шахаж, албан тушаалаас нь унагааж, асуудлыг шийдэж байв. 

2017 оноос эхэлсэн ах дүүсийн хамтрал 2025 онд хага үсэрч, хоёр талд гарч, У.Хүрэлсүх тэргүүтэй ах нар нь дүүгээ цөм мөргөж, хашиж байсан албан тушаал, хамгаалж байсан улс төрчдийг нь хуу хамаж авчихсан гэхэд болно. 

УИХ-д 68 суудалтай МАН өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал, Л.Оюун-Эрдэнэ тал гэсэн хоёр хэсэгт хуваагдав. Өмнөхтэй харьцуулахад хүчний харьцаа хамаагүй зөрүүтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд бараг л 50 орчим гишүүн байна. Харин Л.Оюун-Эрдэнэ 20 хүрэхгүй үнэнч гишүүнтэй үлджээ. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр шүд зууж, эрсэлдэн тэмцэлдэх эхлэлээ энэ хавар тавьчихлаа. 

Л.Оюун-Эрдэнэд алдах юм угаасаа байхгүй болсон. Хашиж байсан албан тушаал, хамгаалж байсан бүхэн алдарчихсан учир одоо эрсэлдэн тэмцээд унах сэхэх аль нэгийг үзэх нь гарцаагүй. Тэр ч утгаараа өнөөдөр тэрбээр тэмцлийн дараагийн шатан дээр зогсов. 

Б.Энхбаярыг АТГ-д өгч зогсоо Л.Оюун-Эрдэнэ үнэн хэрэгтээ У.Хүрэлсүхийг л ринг дээр дуудаж буй юм. Ахтайгаа арсалдаж, хөшигний ард хэмлэлдэх бус олны нүдэн дээр булаалдан тэмцэлдэе гэсэн бололтой. Учир нь Б.Энхбаярыг АТГ-д өгөхдөө Ерөнхийлөгчийн институтын нэр бүхий улс төрчдийг нэрлэж, мөнгө авсан өгсөн гэх гуншин дотор оруулж амжив. 

АТГ-ын дарга З.Дашдаваагийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх байхдаа анхлан томилж, харин Л.Оюун-Эрдэнэ улираан томилсон. Ийм нөхцөлд АТГ хэнд нь үйлчилж, хэнийх нь гомдлыг хүлээн авч, хэрхэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах вэ? гэдэг асуулт тун сонирхол татаж байна. 

Улс төрчдийн гар хөл болж хууль, хүчний байгууллага үйлчилдэг гэх улиг болсон яриа үнэн эсэхэд хариулалт өгөх үүргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хоёрын тэмцэлд АТГ хариулалт өгөх нь. 

Учир нь Л.Оюун-Эрдэнийг шалгаж, хэрэг үүсгэх үү? Эсвэл Б.Энхбаяр нарыг шалгаж, хэрэг үүсгээд цааш хөвөрдөх үү гэдэг нь тун удахгүй хариулагдана. 

Эсвэл хөшигний цаана Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар тохиролцож, АТГ дундаас нь аниргүй живж ч мэдэх юм.