Н.Учралын Засгийн газарт үлдэж болохгүй сайд Б.Жавхлан

Н.Учралын Засгийн газарт үлдэж болохгүй сайд Б.Жавхлан

Төсөв нь тасалдаж, төгрөг нь үнэгүйдэж, түмэн олны орлого нь амьдралд хүрэлцэхгүй болсон энэ цаг үед 2021 оноос хойш 3 засгийн газарт төрийн сангийн түлхүүрийг атгасан Б.Жавхланд "ОДОО БОЛНО" гэдэг үгийг МАН хэлэх цаг болжээ. 

2021 оны Улсын төсвийн нэгдсэн орлого 14 орчим их наяд төгрөг. Харин зарлага нь 15 гаруй их наяд төгрөг байлаа. Энэ цагаас эхлэн төсвийн өсөлт, алдагдал, орлогын тасалдалт, татвар төлөгчдөд ирж байгаа дарамт, төсвийн үрэлгэн байдал, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын замбараагүй байдал гээд төсөв, мөнгөтэй холбоотой болж бүтсэн, болохгүй, бүтэхгүй бүхнийг Сангийн сайд Б.Жавхлантай холбон ойлгож, түүний ажлын үнэлэлт дүгнэлтэд өгөх нь гарцаагүй. 

2026 оны Улсын нэгдсэн төсөв 30 гаруй их наяд төгрөг болж өссөн. ЭНэ өсөлт нь бодитой үр дүнтэй байгаа эсэхийг захын иргэнээс асуухад өөрт нь наалдсан өгөөж байхгүй тул муулж, зэмлэж, шүүмжлэх нь гарцаагүй юм. Тэгэхээр Б.Жавхлан гэдэг сайд таван жил төсвийн түлхүүрийг атгасан боловч ард иргэдийн амьдралд наалдацтай, аж ахуйн нэгжид өгөөтэй шийдэл, шийдвэрийг төдийлөн оновчтой гаргаж чадсангүй. 

Б.Жавхлангийн төрсөн эгч Б.Сэрэглэн гэгч нь Соёлын яаманд газрын дарга хийж байсан нэгэн байдаг бөгөөд дүү нь сангийн сайд болсны дараа Соёлын яамны төсөв огцом өслөө гэдэг шүүмжлэл гарч байв. 

Мөн Б.Жавхлан нь ЖДҮС-аас танил талууддаа зээл авч өгсөн гэх хэл аманд өртөж байсан ч ямар ч хамааралгүй гэх нэрийдлээр мултарч байв. Холбоо хамаарлыг нь сөхөөд үзэхээр ЖДҮС-аас  “Пример инвестмент групп”-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг авсан бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлага нь нэг бол Сүхбаатар аймгаас гаралтай, эсвэл Дархан-Уул аймагт хамааралтай гэсэн хардлага явдаг юм. Сангийн сайд Б.Жавхланг Дархан-Уул аймгаас гаралтай гэж олон хүн боддог ч тэрбээр Ерөнхий боловсролын сургуулиа Сүхбаатар аймагт төгссөн. Тус аймгийн 1-р сургуулийн төгсөгчдийн холбоонд хамааралтай ажиллаж, тэр сургуулийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийнхөнтэй ойр нөхөрлөдөг гэх хардлага явдаг юм. Эндээс л ЖДҮС-аас зээл авсан зарим нэг хүний нэр зурайж байдаг гэх мэт хэл ам тасардаггүй. 

Чингис хаан банк гэж байдаг. Энэ банк нийгмийн даатгалын санг өрөнд оруулсан баримт хэвлэлийн хуудсанд буй. Тус банктай ямар нэг хэлбэрээр сангийн сайд Б.Жавхланг холбох гэсэн үйлдэл мэр сэр гардаг бөгөөд хардлага өнөөдөр ч оршсоор байгаа. 

Төсвийн орлого зарлагыг тооцож орж ирэхдээ өөрийгөө хамгаалдаг ч өөр нэгэн буруу гэхээр өнөөх талдаа ороод гүйдэг сайд бол Б.Жавхлан. Тодруулах юм бол 2025 оны төсвийн алдагдал их байна, зардлаа бууруул гэсэн Ерөнхийлөгчийн хориг гарахаас өмнө өргөн барьсанаа төсвөө өмөөрч байсан сангийн сайд шууд л маргааш нь хасах нь зөв гээд өөрийн бодлогогүй мэт загнаж байлаа. Энэ мэтээр Б.Жавхлан гэдэг сайд төсөв, мөнгөний бодлого дээр шийдэмгий алхам хийсэн гэхээсээ илүү тал талд тал засаж ажилласан юм биш биз гэсэн хардлага өнөөдрийг хүртэл явж ирэв. 

Удахгүй Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж, шинэ танхим бүрдэх улс төрийн нөхцөл байдал үүсчихлээ. Ийм үед дараагийн Засгийн газарт үлдэж болохгүй сайдын тэргүүн эгнээнд Б.Жавхланг нэрлэх нь зүйн хэрэг юм. Учир нь Б.Жавхлан төсвийн төлөвлөлт, боловсруулалт тал дээр манлайлал үзүүлж чадаагүй гэдгийг төсвийн алдагдал, урд хормойгоо хойд талаасаа нөхөж буй арга ядсан алхам зэргээс дүгнэж болох юм.