Н.Учралын Засгийн газар яамдын тоог хадгалж, нэг шадар сайд нэмнэ

Н.Учралын Засгийн газар яамдын тоог хадгалж, нэг шадар сайд нэмнэ

УИХ-ын даргын суудлаас чөлөөлөгдөж, 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн МАН-ын дарга Н.Учрал маргаашнаас эхлэн Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг зарлаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар батлуулах хүлээлттэй байна. 

Энэ 7 хоногийн лхагва гараг буюу 4 дүгээр сарын 1 өдөр гэхэд шинээр байгуулагдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анхдугаар хуралдаанаа хийх тов тогтсон тухай улс төрийн хүрээнд яригдаж байна. 

Н.Учралын засгийн газрын хувьд одоо байгаа засгийн газрын бүрэлдэхүүн буюу яамдын тоог хадгалж, харин шадар сайдын тоог нэгээр нэмэхээр тогтсон гэдэг мэдээлэл дуулдлаа. 

Тодруулбал Хүний хөгжил хариуцсан шадар сайдын албан тушаалыг шинээр бий болгож, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгаалал, Эрүүл мэнд, Боловсролын салбарын уялдаа холбоо, тус салбаруудын нэгдсэн бодлогыг зангидаж яамгүй ажиллах юм байна. Нэг үгээр хэлбэл дээрх 3 яамны сайдын хооронд зуучлагч, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэх юм. 

Эдийн засаг хөгжил, хариуцсан шадар сайдын суудал дээр Ж.Энхбаяр гишүүн улирч магадгүй. 

Эрчим хүчний шинэчлэлийн бодлого ярьж, гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан шадар сайд Т.Доржхандын хувьд ХҮН нам засагт орж ажиллах эсэхээс хамаарч үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Ер нь бол ХҮН намд ганцхан шадар сайдын суудал оногдохоор болсон сурагтай. Тэгэхээр энэ суудал хэвээрээ үлдэх магадлал өндөр. Гэхдээ Т.Доржхандын оронд Б.Найдалаа, эсвэл Ганзориг нарын нэг орж ирж болзошгүй. 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Х.Ганхуяг томилогдоод удаагүй байна. Тэрбээр энэ суудалдаа үлдэх магадлал их байгаа гэдэг мэдээлэл байгаа юм. 

Сангийн сайдаар Б.Жавхланг улираахгүй гэдэг дээр МАН-ын гишүүд санал нэгдсэн сурагтай. Учир нь 2021 оноос хойш төсвийн бодлого зангидаж байгаа түүний хувьд алдаа ихтэй явж ирсэн гэдэг шүүмжлэлтэй. Сангийн сайдад Г.Тэмүүлэн болон Х.Булгантуяа нарын гишүүд яригдаж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шинэ засагт ажилуулж болохгүй гэдэг шахалт МАН-ын гишүүд болон АН-ын гишүүдээс гарч эхэлсэн. Тэгэхээр улирч үлдэх боломжгүй. Түүний орыг өмнөх сайд Б.Мөнхбаатар авах магадлал тун өндөр байна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын суудлыг МАН эргүүлэн авахаар болжээ. Учир нь энэ засгийн газарт ИЗНН орж ажиллахгүй. ИЗНН-д санал тавихгүй гэдэг мэдээлэл гарлаа. Тэгэхээр энэ суудалд Б.Бат-Эрдэнэ гишүүн дахин томилогдох магадлал тун өндөр байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ удаад үлдэж чадахгүй. Харин түүний орыг одоогийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар залгах бололтой. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Бадамсүрэн, Соёл спорт аялал жуулалын сайд Ч.Номин, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Дамдинням,  Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Аубикер нар улирч үлдэнэ. 

Эрчим хүч, Зам тээвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Боловсролын сайд нар шинээр томилогдохоор болжээ.