Н.Учрал Засгийн газрын бүтцээ өнөөдөр танилцуулж, сайд нараа томилж, тангараг өргүүлнэ. Н.Учралын Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс эхнээсээ тодорч байх шиг байна. Үүний хажуугаар хуучин Засгийн газраас үлдэх ёстой сайд нарын нэр ч бас хөндөгдөж эхэллээ.
Дэлхий дахины эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, олон орныг хамарсан дайны хүйтэн цаг үе давхацсан, АНУ-ын ойрхи дорнодод хийж байгаа дайны үйл ажиллагаа нь эргээд Азийн бүс нутагт хямралыг дагуулж болзошгүй цаг үе байна. Ялангуяа уг дайнаас улбаатай БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, мөн тус улсын батлан хамгаалах салбарын бодлогод гарч буй өөрчлөлт, ОХУ-ын Украйнтай хийж буй дайн болон шатахууны бодлого зэрэг нь Монгол Улсад сөрөг нөлөөллийг авчирч болзошгүй байна.
Ийм нөхцөлд нэн тэргүүнд тогтвортой, өмнөх бодлого нь үргэлжлэх ёстой салбар бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам. Тус салбарыг толгойлж байгаа Г.Дамдинням сайдын хувьд шатахууны эгзэгтэй энэ цаг үед бодлогоо үргэлжлүүлэх нь улс оронд тустай гэдгийг салбарынхан нь ярьж байна. Учир нь шатахууныг тасалдуулахгүй байх, шатахууны асуудлаар ойлголцолд хүрэх чиглэлд ажиллаж байгаа ажил тун чухал.
Дэлхий дахинд дайны хар сүүдэр нөмөрсөн энэ цаг үед Батлан хамгаалах салбарын сайд Л.Батлут өөрчлөгдөх ёсгүй юм. Учир нь батлан хамгаалах бодлого гэдэг улс орны аюулгүй байдлын баталгаа болсон бодлого. тэгэхээр хүйтэн дайны салхи сэвэлзэж байгаа энэ үед уг бодлогыг тогтвортой байлгаж, асуудлыг эрэмбэлэх тал дээр шинэ сайд ажилтайгаа танилцах бус хуучин сайд ажлаа үргэлжлүүлээд явах нь зөв юм.
Хаврын шар үсний үерээс авхуулаад ой хээрийн түймэр зэрэг байгалийн онц чухал үзэгдэл болж болзошгүй энэ цаг үед шадар сайдын ажлыг аваад яг гартаа оруулж эхэлсэн Х.Ганхуяг сайд мөн л солигдох ёсгүй. Учир нь хаврын энэ эгзэг үед шадар сайдыг сольж, асуудлыг хүндрүүлэх нь Н.Учралын Засгийн газарт сөрөг үнэлгээ болох эрсдэлтэй.
Энэ мэтээр сайдыг нь сольж болохгүй чухал салбарууд байна. Тиймээс Н.Учралын зүгээс Засгийн газрын сайд нарын томилгоог хийхдээ хуучин 6-7 сайдыг үлдээж, бусдыг нь шинэчлэх бодлогыг барина гэдгээ мэдэгдээд байна.