МАН-ын удирдах зөвлөлд ганцаараа нэр дэвшин дэмжигдэж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас дэмжлэг авч, УИХ дахь АН-ын бүлэгт тайлан тавьж, УИХ-ын дарга болох босгоо улам бүр бат болгож яваа С.Бямбацогтын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн 30 талынханд 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг амлалтыг өгч, тохиролцох яриаг хийж эхэлсэн байна.
С.Бямбацогтын нэр УИХ-ын даргад нэр тодорч эхэлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн 38/30 гэдэг хуваагдал илүү тод илэрч, ил тод ярьж эхэлсэн. Тухайлбал 30 талынхан байр сууриа илэрхийлж, цөөнх талдаа хэт шахалт үзүүлж, хүч түрэн асуудлыг шийдэж байна гэдэг байр суурийг илэрхийлж эхэллээ. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө УИХ-ын даргын суудлаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах гэж байна. Ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
Эдгээр ярианы дараа нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт цөөнх талтай уулзалт хийж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг амлалтыг өгч эхэлсэн байна. Үүний үр дүнд 30 талын 10 гаруй хүний дэмжлэгийг авч эхэлжээ.
С.Бямбацогтын хувьд мөн УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрийг хуульд оруулж, батлуулах юм бол хүлээн авч, хэрэгжүүлнэ гэдэг амлалтыг УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн байна.
УИХ-д 5 удаа сонгогдож, 2024 оны сонгуулиар хамгийн өндөр санал авч, 80 орчим мянган иргэний итгэлийг хүлээсэн С.Бямбацогт УИХ-ын дарга болохын тулд чамгүй амлалтыг сөргөлдөгч тал болон сөрөг хүчиндээ өгч байна.
Сөрөг хүчинд өгсөн амлалтын хүрээнд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Тодруулбал УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалздаг заалт юм. Мөн УИХ-ын даргыг томилох үйл явцыг хэлэлцүүлэг болгон хийдэг байх зохицуулалт юм.