Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүү санал авчээ. МАН-ын нэр дэвшигч М.Энхболд авсан саналынхаа тоогоор гуравдугаарт явж байсан бол үүрээр С.Ганбаатарыг гүйцэж, хоёрт бичигджээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд энэ удаагийн сонгуульд маш өндөр хувьтай санал авсан нь гэнэтийн явдал байлаа. Сонгууль амжилттай болсон ч нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн саналын босгыг даваагүй учраас хоёр дахь шатны дахин санал хураалт болох нь тодорхой боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт болох гэж байна. Өнөө өглөөний байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын нэр дээр дахин санал хураалт болох нь тодорхой боллоо.
Харин шөнө нэр дэвшигчийнх нь санал гэнэт зогсож, М.Энхболдын санал огцом нэмэгдсэнийг МАХН луйвар хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн. Өмнө иймэрхүү луйвар гарч байсан учраас МАН өөрийн нэр дэвшигч М.Энхболдын саналыг зохиомлоор өсгөлөө гэж тэд үзэж байгаагаа нуугаагүй. МАХН-ын гишүүд, дэмжигчид өнгөрсөн шөнө СЕХ-ны байранд очиж эсэргүүцлээ илэрхийлээд амжив. Тэд өнөөдөр илүү зохион байгуулалтад орж луйврыг эсрэг тэмцэхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Хуульд зааснаар-105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, -105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.
Тиймээс 1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авснаар дахин санал хураалтад эхний хоёр нэр дэвшигч тунах нь тодорхой болов.
Харин сонгогчдын ирцийн хувьд 22:00 цагийн байдлаар аймгуудын дундаж 65.53 хувь, нийслэлийн дундаж 66.73, улсын дундаж 66.54 хувийн ирцтэй байсан талаар СЕХ-ноос албан ёсоор мэдээллээ.