Үндэсний их баяр цэнгэл наадам 13 хоногийн дараа болох гэж байна. Энэхүү баяр наадмыг 2017 оны зун шинэ Ерөнхийлөгч нээнэ хэмээн таамаг дэвшүүлж байсан билээ. Харин энэхүү таамгийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт таягдан хаячихлаа. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад л наадмын өмнө зөөлөн суудлаа өгч, гавьяаны амралтдаа суудаг жамтай байв. Харин энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгэхгүй. Түүний хувьд 9 жил дараалан Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлсэн Төрийн тэргүүн болон тэмдэглэгдэн үлдэх нь ээ. Ингэж хэлэх шалтгаан нь Сонгуулийн Ерөнхий хороо дахин санал хураалтыг 14 хоногийн дотор зохион байгуулах үүрэгтэй. Үндэсний их баяр наадам болох хүртэл яг 13 хоног үлджээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг зохион байгуулахын тулд дор хаяж 10 хоног шаардах нь гарцаагүй. Үүний дараа дахин санал хураалтыг зохион байгуулна. СЕХ-ноос мэдээллэж байгаагаар дахин санал хураалтыг хийхийн тулд 7 тэрбум төгрөг зарцуулна. 2017 оны 07 сарын 09 өдөр зохион байгуулахаар тов гаргасан байна. Наадам дөхөх тусам олон хүн хөдөө, гадаадыг зорьж амарч зугаалах нь нэмэгдэнэ. Үүнтэй зэрэгцээд дахин санал хураалт болох нь. Үүний дараа хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь 50+ хувийн санал авсан нөхцөлд УИХ-аар шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хэрэг гарна. Үүний дараа тангараг өргөх ёслол болох учиртай. Ингэж явсаар байтал 2017 оны 07 сарын 11 өглөө Үндэсний их баяр наадмыг нээж шинэ Ерөнхийлөгч үг хэлж амжихгүй нь ойлгомжтой болж байна. Үүнийг мэдсэн, бас таамагласан учраас л Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд санал өгснийхөө дараа учиртай үгийг чулууджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сонгуульд ард түмэн саналаа өгөөрэй. Үндэсний их баяр наадмынхаа нээлтийг сайхан хийцгээе гэх утгатай үгийг хэлсэн нь нэгийг бодож хоёрыг тунгаасан алхам байсан бололтой.
Ийнхүү Ц.Элбэгдорж том суугаа нь хүсвэл нэг биш нэлээд хэдэн наадмын нээлтийг нээхээр сунжруулж дөнгөнө шүү гэсэн анхааруулгыг 65 гишүүнтэй МАН-ынханд өгчхөв.