ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Геннадиевич Карловыг мягмар гарагт буудан хөнөөсөн хэрэг гарчээ. “Өнөөдөр Анкарад ОХУ-ын элчин сайд Андрей Геннадиевич Карлов зэвсэгт халдлагын улмаас шархдан амь алдлаа. Бид үүнийг алан хядах ажиллагаа гэж үзэж байна” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Тэр бас “Бид туркийн албаны хүмүүстэй холбогдож, энэ хэргийг мөрдөн шалгах, алуурчныг цээрлүүлэхийн тулд тал талаас шаардлагатай бүхнийг хийнэ” гэж хэлжээ.
Элчин сайдыг телевизийн эфирээр үг хэлж байхад нь зэвсэгт этгээд араас нь гар буугаар хэд хэдэн удаа буудаад дараа нь шашны агуулгатай уриа лоозон хашгирсан байна.