Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нь Солонгосын иргэнээс 50 сая вон буюу 100,000,000 төгрөг хандивт авсан хэргээр цагдаагийнхан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг мөнгө авч байгаа гэх сэжиглэх үндэслэл нь нэгэн бичлэгээс үүдэлтэй юм. Уг бичлэгийг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нь эвлүүлэг гэх утгатай тайлбарыг өгсөн гэх. Харин цагдаагийнхан шалгаад уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх ёстой гэж мэдэгдээд байсан юм.
Өмнө нь уг хэргийг мөн л анхан шатны шүүхэд шилжүүлж байсан билээ. Харин шүүхийн зүгээс уг хэргийг дутуу шалгасан гэх үндэслэлээр буцаасан байдаг. Цагдаагийнхан мөн л дахин шалгаад шүүхэд шилжүүлээд байв. Харин шүүх хурал нь өнөөдөр болох ёстой байсан юм.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэсэн болно. Шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэсэн болно. гэж мэдээллээ.
Дашрамд сонирхуулахад МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нь Сонгуулийн Ерөнхий хорооны урьдчилсан мэдээгээр 409 мянга гаруй хүний саналыг авч, олны таамгийг эвдээд байгаа билээ. Босоо Ганбаа хэмээх улс төрчийг ард түмэн хайрладаг. Бас түүнд итгэдэг гэдгийг энэхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн харууллаа гэж улс төрийн ажиглагчид дүгнэн ярьж байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, дахин санал хураалтад С.Ганбаатар орох боломжгүй болсон ч гэсэн шүүхээс дээрх хэргийг цагдаагаар дахин нягтлуулахаар болж байх шиг байна.