Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Даваа гарагт болж өнгөрөв. Мягмар гарагт Сонгуулийн Ерөнхий хорооноос Сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл өгөв. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 31 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38 хувийн санал авсан гэнэ. 2 сая гаруй сонгогчийн 1,3 сая нь санал өгч саналын ирц 68% байжээ. Энэ бол итгэл нь алдарсан сонгогчдын хувьд өндөр үзүүлэлт. Харин хэн ч Ерөнхийлөгч болох хэмжээний санал авч чадаагүй нь тун харамсалтай.
Бас нэг үзүүлэлт анхаарал татав. Энэ бол гурван нэр дэвшигчийн хэнийг ч дугуйлахгүйгээр санал өгөх хуудсаа хоосон үлдээсэн 18 мянган сонгогч байжээ.Энэ бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголт үгүй сонгууль гэж егөөдөх үндэслэлийн албан ёсны баримт нь болж үлдэж байх шиг байна. Иргэд тань та бүхний тулган шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ гаргаж чадна. Бас хүсэхгүй бол хэнийг нь ч сонгохгүй байх эрх нь нээлттэй гэдгээ илэрхийлж чадав.
Үр дүнг ингээд орхиж, харин өнгөрсөн хугацаанд М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гуравт яагаад санал өгөв. Хэний юуг нь харж, ямар үндэслэлээр санал өгсөн вэ? гэдгээ нэг тунгаан бодож үзье.
Уриа: Гурван нэр дэвшигч тус тусдаа уриатай оролцов. Тэдний уриаг сонгогч бүр л мэдсэн гэдэгт итгэлтэй байна.
38 хувийн санал авсан Х.Баттулгын уриа үндэсний үзлийг огшоож, залуусыг зүрхийг хөөргөсөн байх магадлалтай. Тэд л энэхүү уриаг сонсоод сонголтоо хийсэн гэхэд дэгстүүлсэн болохгүй. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүний үндсэн дүр төрх, бүрдүүлсэн хэв маяг нь ч уриатайгаа хавсарч сонголт хийхэд нь нөлөөлсөн байх талтай.
31 хувийн санал авсан М.Энхболдын уриа нь Эвтэй Монгол Ээлтэй төр гэж эхлээд сүүлдээ Эвтэй Монгол ялна гэсэн үгээр солигдов. Нэг үгээр хэлбэл Х.Баттулгын уриаг дуурайх гэж оролдсон. Түүний уриа тийм ч олон хүний сонголтын үндэс болж чадаагүй гэдэг нь ойлгомжтой. Харин ч урианы үг солигдсон нь М.Энхболдыг гэсэн нэг хэсэг хүний итгэлийг хөсөрдүүлж, сонголтоо солих шалтгаан болсон байх талтай.
30 хувийн санал авсан С.Ганбаатарын хувьд уриа нь сунжруу мэт байсан ч түүнийг дэмжсэн хүмүүст хүрсэн нь гарцаагүй. Өөр гарц байна. Бидэнд итгэ гэсэн түүний уриа нь өөрчлөлтийг хүсч байгаа. Өнөөдрийн төрийн яваа зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийг өдөөж өгсөн. Үүгээрээ ялалт байгуулсан гэхэд болно.
Мөрийн хөтөлбөр
Гурван нэр дэвшигч тус бүртээ мөрийн хөтөлбөр боловсруулсан. Гэхдээ тэрхүү мөрийн хөтөлбөр нь яг үнэндээ 3 хуудас цаас л болоод үлдлээ. 1,3 сая санал өгсөн сонгогчийн хэд нь мөрийн хөтөлбөртэй танилцаж, харьцуулсан дүгнэлтийг хийсэн бол. Энэ маш эргэлзээтэй. Жишээ нь ажилтай, өглөө гараад, шөнө харьж байгаа иргэдийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээс л нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг олж унших байсан болов уу? Гэтэл ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн танилцуулга, зорилт, зорилго нь гарсангүй. Харин ч хэн нь хамгийн хар, бараан хүн юм бэ? гэдгийг л уралдан харуулах гэж зүтгэсээр байгаад сонгуулийн сурталчилгааны хэдэн хоногийн үдэв.
М.Энхболд Монгол гэр гэх мөрийн хөтөлбөртэй орсон. Мөрийн хөтөлбөр нь яг ямар агуулгатай, хэчнээн зүйл заалттай, Ерөнхийлөгчийн эрхлэх ажлын хүрээнд хэдэн асуудал багтсан. Мөн УИХ, Засгийн газартай хамтраад ямар асуудлыг шийдэх тухай уриа, лоозон хэлбэртэй өгүүлбэрээс гадна, өөр бас бус санал байсан. Гэхдээ тэрийгээ түмэн олонд танилцуулж чадсангүй.
Х.Баттулга нь “Хүчирхэг Монголын төлөө” гэх мөрийн хөтөлбөрийг гаргав. Бас л уг хөтөлбөрт юу багтсан. Ямар том зорилт тавьж чадсан вэ гэдгийг олон хүн мэдээгүй. Зөвхөн Монгол ялна гэсэн уриа үгтэй эрхэм л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа мэтээр харагдсаар, бас явсаар байгаад л сонгуульд оров.
С.Ганбаатар “ИХ аяныг эхлүүлье” гэх мөрийн хөтөлбөртэй орсон. Нэлээд олон өөрчлөлтийг тусгасан мэт энэхүү мөрийн хөтөлбөр нь зарим нэг улс төрчийн дүгнэлтээр бол уриа лоозонгийн хэлбэртэй гэгдээд байгаа. Гэхдээ л бас ч гэж чамгүй санал туссан. Гэхдээ уулзалтаараа л энэхүү хөтөлбөрөө орон нутгийнханд танилцуулж чадсан уу гэхээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр уг хөтөлбөрөө түмэнд түгээж чадаагүй ээ.
Мөрийн хөтөлбөр гэдэг бол Сонгуульд өрсөлдөгч нарын хамгийн чухал зүйл. Гэтэл энэхүү чухал зүйлээ иргэдэд танилцуулахгүйгээр сонгуульд оролцоно гэдэг тун харамсалтай. Ганц хуудас сонин, мөрийн хөтөлбөрийн товхимол тараасан төдийд иргэд таныг сонгож байна гэвэл маш том эндүүрэл. Нөгөө талдаа иргэд сонгогч бүр л нэр дэвшигчийн идсэн, уусан, зарсан, үрсэн, авсан, өгсөн гэх яриад дуусахгүй, хэлээд барагдахгүй, хэлэлцээд шийдэгдэхгүй, хэн нь мэлзээд хариулахгүй асуудлыг сонирхож суухын оронд мөрийн хөтөлбөрийнхөө үнэн төрх, өнгө бүхнийг дэнслүүлэх шаардлагатай байна.
2017 оны 07 сарын 09 өдрийн Ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болно. Энэхүү санал хураалтад очихоосоо өмнө уншигч та нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийг харьцуулаад нэг сайн хараарай.