Жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо
Улаанбаатарын ирээдүйн усны аюулгүй байдлыг хамгаална хэмээн олон жил яригдсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааг сурвалжлахаар бид өнгөрсөн Баасан гаригт /2026.05.15/ Сонгинохайрхан уулын зүүн бэлд байрлах Монголын анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг зорьсон юм. Үйлдвэрийн талбайд очиход хамгаалалтын хувцастай инженер, техникийн ажилтнууд хүндэт зочдыг угтахаар бэлтгэлээ базааж байв. Шинэ үйлдвэрийн цогцолбор нь гаднаас харахад энгийн нэг байгууламж мэт боловч дотогш нэвтрэхэд өндөр технологи бүхий, нарийн хяналттай үйлдвэрийн орчин угтана.
Талбайд хамгаалалтын хувцастай инженерүүд эгнэн зогсож Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авснаар нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бол зөвхөн нэг үйлдвэрийн нээлт биш, Монгол Улсын тогтвортой хөгжил, Улаанбаатар хотын ирээдүйн баталгааг бий болгож буй түүхэн үйл явдал” хэмээн онцолсон юм. Тэрбээр "Олон жил тэсэн ядан хүлээсэн энэхүү томоохон бүтээн байгуулалт бодит ажил болж, өнөөдөр үүд хаалгаа нээж байгаад бид туйлын баяртай байна. Одоогоос найман жилийн өмнө буюу 2018 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-тай хамтран Мянганы сорилтын хоёрдугаар компакт гэрээг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, 2021 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү амжилттай дуусаж, ашиглалтад орлоо.
Энэ хугацаанд төслийг тууштай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хотын өргөжин тэлэлт, ирээдүйн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж буй энэ бүтээн байгуулалт нь түүхэн ач холбогдолтой томоохон төсөл болж байна“ гэлээ.
Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгч Дан Пийтри хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг хөгжүүлэхэд тогтвортой усан хангамж хамгийн чухал дэд бүтэц болохыг онцолсон юм. Тэрбээр “Усны Компактын үр дүнд урт хугацааны ус хангамжийг баталгаажуулснаар эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлийг бууруулж, Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” хэмээв. Албаны хүмүүсийн ярьж буйгаар энэхүү төсөл нь зөвхөн ус нийлүүлэх байгууламж биш, харин хотын ирээдүйн эдийн засгийн хөгжлийг дэмжих суурь систем болж байгаа аж.
Үйлдвэр рүү ороход хамгийн түрүүнд анзаарагдах зүйл нь чимээ багатай ажиллагаа. Өндөр хүчин чадлын төхөөрөмжүүд ажиллаж байгаа ч дотор орчин лаборатори шиг цэвэрхэн. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд нийт 30 гүний худаг гаргаж, Монголд анх удаа дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг иж бүрэн шугам хоолой, автомат хяналтын системийн хамт байгуулжээ.