УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.08.18) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог хүлээн авч уулзав. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг болохыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Парламентын гишүүд дунд Япон Улсад мэдлэг, боловсрол эзэмшсэн гишүүд олон байдгийг дурдаад тэдгээр гишүүд ёс зүйн хувьд ч манлайлал үзүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж буйд ач холбогдол өгч буйгаа тодотгов.
Уулзалтаар талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуны дэвшлийг ашиглах, дэлхий нийтийн асуудал болоод буй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бий болгоход харилцан туршлага солилцох зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм.