О.Цогтгэрэлийн амжилтгүй улс төрийн бас нэг алхам нь Н.Учралыг унагаах...

О.Цогтгэрэлийн амжилтгүй улс төрийн бас нэг алхам нь Н.Учралыг унагаах...

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Монгол Улсын Засгийн газартай хариуцлага тооцож, огцруулна гэсэн мэдэгдлийг хийв. Сөрөг хүчний 42 гишүүний 40 гишүүн гарын үсэг зурсан гэх тайлбартай энэхүү мэдэгдлийн цаана намрын улс төрийн хэмнэл, таамаг хөвөрч эхэллээ. 

Олон хүн Засгийн газар намар унах уу? гэдэг асуултыг бие биендээ тавьж, бас таамаг дэвшүүлж эхэлжээ. 40 гишүүн гарын үсэг зурчихвал УИХ-д Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх босго давж таарна. Харин унагаах кнопт хүрэхийн тулд дахиад 25 гишүүн хэрэгтэй. Ийм боломж сөрөг хүчинд шууд байхгүй. Эрх баригч намын эвдрэл, талцал, хуваагдалд найдах учигтай. 

Сөрөг хүчний гаргаж байгаа жимээр МАН-ынхан дахин засгийн газраа унагаахгүй гэдэг нь бат юм. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. 

Нэгд: МАН-ын УИХ дахь бүлгийн 30:38 хуваагдал өнөөдөр бодит байдал дээрээ өөрчлөгдөж, ялсан талд буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцийг дэмжиж, түүний талд тохой түших болсон гишүүдийн тоо аль хэдийн 45 хүрсэн. 

Хоёрт: Л.Амарбаясгалангийн тал буюу 15 гишүүн дундын шугамд зогсож, өнгөрсөн шиг эрсдэлтэй алхам хийхгүй. Хүлээцтэй, асуудалд оролцогч биш ажиглагч статуст шилжиж, Н.Учралыг битүүхэн дэмжих болно гэдгээ илэрхийлж, гар барьсан. Нэг үгээр хэлбэл Н.Учралд 15 гишүүний хамгаалалт бүрдсэн гэсэн үг. Тэгэхээр У.Хүрэлсүх талын 45+15=60 гишүүн МАН дотор нягтарсан болж таарна. 

Гурав: Үндэсний эвсэлийн 4 гишүүн Засгийн газрыг хамгаалахад бүрэн чиглэж байна. Мөн ХҮН намын зөвлөлийн гишүүд 100% засгийн газрыг хамгаалахаар болжээ. ИЗНН-ын 4 гишүүний 3 нь Засгийн газрыг хамгаалахад кноп дарах төлөвтэй. Жижиг намуудын төлөөлөл болох 15 гишүүн Засгийн газрыг огцруулахгүй гэж гэдийнэ. 

Дөрөв: МАН-ын цөөнх болсон 8 гишүүний хувьд Засгийн газрын асуудал хөндөгдөхөд эс үйлдэхгүй гаргах буюу хуралдаа ирэхгүй байх тактик баримтлах бөгөөд ирсэн ч 2 гишүүн л ирж, эсрэг санал өгөх мадагдал тун өндөр байна. 

Тав: Сөрөг хүчний 40 гишүүн дээр нэмээд 4-6 гишүүн Засгийн газрыг огцруулах талд кноп дарах магадлалтай. Ийм нөхцөлд Засгийн газрыг огцруулах асуудал зөвхөн улс төрийн хэлцэл, хэлэлцүүлэг, цаг алдсан шуугиан болоод өнгөрөх төлөвтэй байна. 

Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголыг өргөн барихдаа эв нэгдлээр асуудлыг давна гэж тайлбарласан. Үүний цаана Н.Учрал+Д.Амарбаясгалан нарын гар барьж, холын замыг харсан тохиролцоотой холбоотой. Учир нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг У.Хүрэлсүхийн талд шийдүүлэх хэдий ч 2028 оны УИХ-ын сонгуулийн зураглалыг өөрсдөө нийлж гаргах дээр яриагаа түлхүү зөвлөлдсөн сурагтай. Иймээс гар барьсан гэдэг таамаг МАН-ын саарал байшин, төрийн ордон хоёрт цуурайтаж байна.