Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр Нийслэлд түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг 9 аж ахуйн нэгжийн 45 мянга орчим цахилгаан скүүтер, мопедын хөдөлгөөнийг түр зогсоосон. Уг шийдвэр хэрэгжсэн хугацаанд скүүтер, мопедтой холбоотой осол аваар 80-90 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд скүүтер унаж хөдөлгөөнд оролцвол эцэг эх, асран хамгаалагчийг Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр /200 мянган төгрөг/ торгож, тухайн цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулна.
Явган хүний замаар зорчсон тохиолдолд 50 нэгжээр /50 мянган төгрөг/ торгох зохицуулалттай.
Харин аж ахуйн нэгж, албан байгууллагууд насанд хүрээгүй хүүхдэд скүүтер түрээслүүлсэн тохиолдолд тухайн байгууллагыг 500 нэгжээр буюу 500 мянган төгрөгөөр торгох эрх зүйн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа тул иргэд, ААН-үүд дүрмээ чанд баримтлахыг сануулж байна гэж мэдэгдлээ.