Ж.Эрдэнэбат: Валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОУВС-ын “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын дагуу энэ мэдээллийг танилцуулж байна.
НЭГ. “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ТУХАЙ
ОУВС-ийн Захирлуудын зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-нд манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан өдрөөс Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая долларын санхүүжилт аваад байна.
Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг - юаны своп хэлцэлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох юм.
Эдгээр төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийг ашиглан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” зэрэгт туссан эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогын шинэчлэл хийх зэргийг эрчимжүүлнэ.
ХОЁР. ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОХИРСОН БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ
ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эдийн засгаа тогтворжуулж, банкны салбарыг бэхжүүлэх, дунд хугацааны тогтвортой өсөлтийн суурийг тавьж, өрийн зохистой түвшинг хангах зорилт дэвшүүлсэн.
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилго бөгөөд эдийн засагт үүссэн бүтцийн шинжтэй сул талыг арилгах замаар урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Хөтөлбөрийн хүрээнд төсвийн нэгдмэл байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах, алдагдлыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх бол макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг дэмжих, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн банкны салбарт иж бүрэн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд бүтцийн өөрчлөлт хийх, дахин хөрөнгөжүүлэх, банкуудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан.
ГУРАВ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хувьд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, иргэдийн орлогын ялгааг бууруулах, татварын тэгш, шударга байх зарчмыг хангах зорилгоор Хувь хүний орлогын албан татварыг орлогын хэмжээнээс хамааруулж шатлалтайгаар ногдуулах, нөгөө талаас бага орлоготой иргэдээ дэмжих чиглэлээр татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр бодлогын өөрчлөлт хийлээ.
Түүнчлэн, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зорилгоор архи, тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, импортын тамхинд ногдох Гаалийн албан татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, сахилга батыг сайжруулах хүрээнд үндэсний хэмжээнд мөрдөх хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, төрийн байгууллагуудын зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг уян хатан зарцуулах журам мөрдүүллээ.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, Насны хишиг, Боловсролын сангийн зээл, хүүгийн зардлын шилжүүлгийг бүрэн санхүүжүүлж байна.
Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр санхүүгийн салбарыг тогтвортой байлгаж, хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг шийдэж өрийн хямралд орох эрсдлийг буурууллаа. Ингэснээр Монгол Улсын Зээлжих зэрэглэл буурахаас сэргийлж, цаашид зэрэглэл нэмэгдэн хөрөнгө оруулалтын орчин сайжрах суурийг бүрдүүллээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн батлуулж, тухайн банк засаглалын болон зээлийн үйл ажиллагааны хувьд улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, зөвхөн арилжааны үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Мөн аудитын шалгалтын дүн, Хөгжлийн банкны санхүүгийн байдлыг банкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлж байна.
ДӨРӨВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ГАРЧ БАЙГАА ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД
1. Эдийн засгийн уналтыг зогсоож, тогтвортой өсөлтийн суурийг тавилаа. 2012 онд 17 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт уруудсаар 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьд хүрч эдийн засаг агшиж эхэлсэн. Үүнийг засч залруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг аажмаар сэргэж 2016 оны эцэст 1.2 хувийн өсөлт, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлтөд хүрлээ. Бид бууралттай байсан эдийн засгийг гурван улирлын дотор буцаан өсөлтийн хандлагад орууллаа.
2. Валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. Хиймлээр интервенц хийх замаар барьж байсан ханшийг цаашид барих нөөцгүй болж, 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш 2600 орчим төгрөгт хүрсэн байсан. Засгийн газраас валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2350 төгрөг болж буурлаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар ч сайжирч эхэллээ.
3. Хөгжлийн банк алдагдалд орж, дампуурах нөхцөлд орсон байсныг цэгцэлж, Хөгжлийн банкыг үндсэндээ дахин шинэчилж байгууллаа.
- Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийгмийн шинж чанартай, арилжааны биш төслүүдийг улсын төсөвт шилжүүлж, банкны тайлан тэнцлийг цэвэрлэлээ.
- Хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын бондоор төлж барагдууллаа.
- Банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмж, цаашид тогтвортой ажиллан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүллээ.
- Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн олон улсын тэргүүн туршлагыг хэрэгжүүлж эхлэв. Цаашид зөвхөн эдийн засгийн үр ашигтай, хөгжлийн төслийг санхүүжүүлж ажиллана.
4. Төсөв болон мөнгөний зохистой бодлого, эдийн засгийг сэргээх бодлого, олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамгийн гол нь Засгийн газраас явуулж байгаа зөв бодлого үр дүнд хүрч байна.
- 2016 оны 12 дугаар сард дуудагдаж байсан 550 сая ам.долларын зээл, 2017 оны гуравдугаар сарын 580 сая ам.долларын бондын төлбөр, 2017 оны наймдугаар сард хугацаа дуусан дуудагдах 2 тэрбум шахам ам.долларын БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэлийн хугацааг сунгав.
- 2021 он гэхэд улсын өрийг ДНБ-ий 60 хувиас бага түвшинд хүргэж, цаашид үргэлжлүүлэн бууруулах болно.
5. 2016 оны төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байсныг төсвийн тодотголоор залруулж, зардлыг хасах болон зарим хөтөлбөрийг зогсоох замаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 15 хувь болгон буурууллаа.
- Төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээлийг дотоод, гадаадаас авч санхүүжүүлж байснаар зөвхөн 2016 онд төсвийн алдагдлыг 3.6 их наяд төгрөгийн өрөөр санхүүжүүлсэн байна. Өмнө авсан эдгээр зээлийн зөвхөн хүүгийн зардалд нэг их наяд төгрөг буюу төсвийн орлогын таван төгрөг тутмын нэгийг төлж байна.
- Төсвийн алдагдлыг цаашид 2017 онд ДНБ-ий 10.4%, 2018 онд 9.5%, 2020 оны эцэст ДНБ-ий 5.1% болгон бууруулж ажиллана.
6. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. 2011-2012 онд ДНБ-ий 20 орчим хувь байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар 2016 оны эхэнд эрс татарч, улмаар хөрөнгө оруулалт урсгал гадагшлах хандлага гарч байсан.
- Эдийн засгийн зөв, тууштай бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай байна.
- Эдийн засагт их хэмжээний эрсдэл үүсч, тодорхойгүй байдал бий болсноос 2016 оны дунд үе гэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас гадна манай дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх чадваргүй болж байсан.
- 2016 оны сүүлийн улирал, 2017 оны эхний хагаст бий болсон эдийн засгийн өсөлт, тогтворжилт, төр засагт итгэх итгэл сэргэсний улмаас эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсч, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.
7. Зээлийн хүүг буурууллаа. 2016 оны тавдугаар сард Засгийн газрын гадаад бондын хүү 10.87%, дотоод бондын хүү 17 хувь болж, хувийн хэвшлийн гадаад зээлийн хүү 15% орчим, дотоод зээлийн хүү 25%-д хүрч байсан.
Макро эдийн засгийг тогторжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх бодлогын үр дүнд 2017 оны зургаадугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад бондын хүү 6.5%, дотоод бондын хүү 12% болж буурлаа. Ойрын хугацаанд хувийн хэвшлийн зээлийн хүү эрс буурч, арилжааны банкны хүү дунджаар 16% орчимд хүрч, бизнесийн зардал, дарамт буурахаар байна.
8. Иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, шинээр ажлын байр бий болж байна.
- Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүй иргэдийн тоог 20 хувиар буурууллаа. 2016 оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143.0 мянга болсон байлаа. Засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох бодлогын үр дүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж буураад байна.
- Дампуурч, банкны зээлээ төлж чадахгүй хаагдсан олон бизнес, аж ахуйн нэгж буцан сэргэж, өр зээлээ барагдуулж байна. 2016 онд банкууд дахь чанаргүй зээл нийт зээлийн 9.5% болж өссөн нь өнөөдөр буурч 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8.5% орчим боллоо.
9. Экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нөхцөлийг сайжрууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэй яриа хэлцэл хийсний дүнд нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлж чадлаа.
- Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв.
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн бол гадаад худалдааны ашиг оны эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрлээ.
- Энэ онд экспортлох нүүрсийг 30 сая тоннд хүргэх боломж бүрдэж байна.
10.Төсвийн орлого 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелсээр ирлээ. Төсвийн санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлдэг боллоо.
- Өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагууд гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг авч чадахгүй олон сар, жил дамнах байдал хавтгайрсан байсныг зогсоож, Засгийн газар төлбөрөө цаг тухайд нь, хоцроохгүй чирэгдүүлэхгүй хийх горимд шилжин ажиллаж байна.
- Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг олон сараар олгохгүй хоцроох, тухайн жилийн санхүүжилтийг бүрэн олгохгүй байсан доголдлыг таслан зогсоож чадлаа. 2013-2016 оны хоёрдугаар хагас хүртэл Орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгийн 80 орчим хувийг хугацаа хоцруулан өгч байсан бол 2016 оны 11 дүгээр сараас хойш санхүүжилтийг сар бүр бүрэн олгож байна.
Эрхэм гишүүд ээ,
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш Монгол Улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлт, хандлага гарч эхэлж байна. Хөтөлбөрийн үр дүнд макро эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагаас гадна хөтөлбөрийн хамгийн гол ач тус нь Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг эрүүлжүүлж, төрөлжилт бий болгох, цаашид түүхий эдийн үнийн савалгаанаас үүдсэн хямралыг хохирол багатай даван туулах эдийн засгийн дархлаатай болсон байх, эдийн засаг маань огцом савлахгүй байх орчинг бүрдүүлж байгаад оршино.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсээр зургаан сар, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг саяхнаас хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх шаардлагатай олон талын арга хэмжээ хүлээгдэж байна. Эдгээр хөтөлбөр, бодлогыг үр дүнд хүргэхэд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс гадна улс төрийн тааламжтай буюу тогтвортой орчин, нөхцөл зайлшгүй шаардлагатай.
Улс төрийн тогтворгүй байдал улс орны эдийн засаг болон бизнес эрхлэх орчинд ихээхэн дарамт, сөрөг нөлөөлөл үзүүлдэг болохыг бид өнгөрсөн жилүүдийн туулж ирсэн зам, туршлагаас хангалттай олон жишээг дурьдаж болохоор байна.
Иймээс улс орныхоо эдийн засгийн цаашдын тогтвортой өсөлтийг хангах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг илүү урт хугацаанд, тогтвортой, баттай бүрдүүлэхийн тулд улс төрийн намууд, УИХ-ын зүгээс ч онцгой анхаарал хандуулж, дээр дурьдсан орчин нөхцөлийг алдалгүй бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрхэм гишүүд болон улс төрийн намуудын удирдлагуудад хандан уриалж байна.
Монгол Улс цаашид цэцэглэн хөгжиж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан зах зээл болон өргөжин тэлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.