Үйл явдлыг эргэн сануулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Монголын зэс” корпорац өнгөрсөн оны зургадугаар сард худалдан авснаа зарлаж, тус үйлдвэр Монголын талд 100 хувь шилжлээ гэж байв. Гэвч Монголын эдийн засгийг байгуулагдсан цагаасаа л нуруундаа үүрч дүүрч яваа энэхүү үйлдвэрийн 49 хувийг авах давуу эрхээсээ Засгийн газар татгалзаж, залилангаар шахуу арилжааны банк руу шилжүүлчихсэнд л учир байсан юм. “Эрдэнэт” 100 хувь Монголынх боллоо гэх АН-ынхны пиар үнэндээ цонхны цаанаас долоолгосон чихэр байлаа. Харин шинээр байгуулагдсан Засгийн газар Ажлын хэсэг томилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монгол төрд буцаан авах тогтоолын төсөл боловсруулж, “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлуудыг шалгаж эхэлсэн. Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ч ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэр хууль бус гэх дүгнэлт гаргасан. Ийн байсаар 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэхийг хуралдаанд оролцогч гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэн. Ингэснээр тус үйлдвэрийн 49 хувийг Монгол төрд буцаан авах тогтоолын төслийг баталж, тус үйлдвэр жинхэнэ утгаараа 100 хувь Монгол Улсын өмч болсон. Харин одоо өнгөрсөн баасан гаригт болсон үйл явдлыг харъя.
Чуулганы үеэр “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар гишүүд хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн шийдвэр гараад таван сар болж байгаа шүү, Ерөнхий сайд аа. Засгийн газар нэг шийдвэр гаргачихаад шүүх дээр түдгэлзчихлээ гэж хүлээгээд л таван сар болчихлоо шүү дээ, та нар. Өөр гарц бас байгаа шүү. Энийгээ хийх хэрэгтэй. Олон түмэн чинь хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэр хэрэгждэг юм уу, үгүй юм уу гээд хараад сууж байгаа. Тэгээд л Засгийн газар нь нэг шүүхийн шийдвэр яриад суугаад байх юм. Тэр шүүхийн шийдвэр чинь нэг агентлагийн л гаргасан шийдвэрийг хүчинтэй, хүчингүй гэдэг юм ярьж байгаа. УИХ, Засгийн газартай холбоотой юм ярихгүй байгаа. Энэ нь дээрээ анхаарал тавих нь зүйтэй байх. Ард, урд нь янз янзын хүн байгаа гэж айгаад Засгийн газар нь ингээд суугаад байдаг юм уу” гэсэн юм. Энэ нь өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийг чимээгүй хүлээж суусан Ерөнхий сайд тэргүүтэй ажлын хэсгийнхнийг “Эрдэнэт”-ийн асуудлаа нэг тийш даруй шийдэхийг сануулсан сануулга болох шиг боллоо.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЭРГЭН ТОЙРОНД ЮУ ӨРНӨВ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хурлыг шүүгч М.Батзориг дар-галж, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй МУЗГ, ТӨБЗГ, ОӨУБЕГ-т холбогдох “Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгаврыг илт хууль бус болгохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэлэлцсэн байна. Ингээд “2017 оны дөрөвдүгээр сарын 3-ны “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус бүр хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёсгүй, өнгөрсөн таван сарын хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт хийгдсэн томилгоо, ажлууд хүчингүй, хууль бус хэмээж буй явдал юм. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” дэх үйл ажиллагаа өдгөө удирдлагуудын хувьд тогтвортой бус үргэлжилж байгаа гэхэд болно.
Засгийн газрын гаргасан шийдвэр, тушаалыг анхан шатны шүүхээс хүчингүй болгож, ийн гацааж байсан тохиолдол маш цөөн. Үүний цаад шалгааныг эх сурвалжууд дээрх шүүх хурлыг даргалсан М.Батзоригтой холбон тайлбарлаж байна. Учир нь түүний дарга буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дарга М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар 2009-2011 онд ажиллаж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, түүнийг Худалдаа хөгжлийн банкны талд хамгийн түрүүнд үйлчлэх хүн гэж байгаа бөгөөд ийм шийдвэрийг албатуудаараа гаргуулчихаж дөнгөх нэгэн гэдгийг хэлж буй юм.
ЭРДЭНЭТИЙНХЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСЛАА
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эрдэнэтчүүд болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагынхан эсэргүүцэж, өчигдөр Эрдэнэт хотод жагсаал зохион байгуулсан юм. Тэд “Эрдэнэт” үйлдвэр ард түмний өмч байх ёстой”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйвардах гэж байна, “Цөөн хэдхэн хүн баяжих ёсгүй” гэх мэт уриа лоозон барин жагссан юм. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгэн ажилтан “Би Эрдэнэт үйлдвэрт 2011 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шөнө, өдөр гэхгүй, илүү цагаар улсынхаа төлөө ажиллаж байна гэж урамшиж байсан. Гэтэл одоогийн байдлаар би хувь хүмүүсийн төлөө л ажиллаж, нойр хоолгүй, биегүй болтлоо зүтгээд байсан болж байна. Үйлдвэрийн уурхайчид бид үнэхээр сэтгэл эмзэглэж. Уурхайн ажил хүнд. Бид зүтгэж зүтгэчихээд нэг өглөө хувь хүний компанийн ажилтан болчихсон байгаа нь харамсалтай байна. Манай үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид шилжүүлэхийг эсэргүүцэж байна. Бид бүтэн жил тайван байлаа. Одоо болоо. Хулгайч нарт хууль үйлчлэх ёстой. Эрдэнэтэд цугласан биднийг сонсохгүй байгаа бол Улаанбаатар хотод очоод чих, нүдэн дээр нь шаардлагаа хүргүүлж, хариуцлага нэхэх болно. Тэмцэл эхэлж байна аа” гэж байв. Түүнчлэн “Манай үйлдвэрийн 49 хувийг хувийн компанийн мэдэлд очно, очихгүй гэсэн өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа маш их доголдож байна.
эх сурвалж: ҮНдэсний шуудан сонин