Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан ШШГБ-ын алба хаагчдын 50 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбат, ахлах мэргэжилтэн Б.Батболд, ШШГЕГ-ын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Санхүү хангамжийн газрын дарга, хошууч Я.Ган-Эрдэнэ, барилгын ерөнхий гүйцэтгэгч “ЦЭЭБ” ХХК-ны ерөнхий захирал П.Энхтайван нар оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ШШГБ-аас хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээний нэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэн, алба хаагчдынхаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран, идэвхтэй ажиллаж байгааг онцлоод орон сууцны түлхүүрээ гардан авсан алба хаагч, ахмад настнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд энэхүү байрандаа олон жил аз жаргалтай амьдрахыг ерөөв.
Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, Бразилийн Риo-Де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд шинэ 3 өрөө байрных нь түлхүүрийг гардуулан, өргөө гэрийнх нь хойморт алд цэнхэр хадаг зүүж өгч, спортын өндөр амжилт хүслээ.
Монгол Улсын Их Хурлын “Хуулийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 2006 оны 54 дүгээр тогтоолоор төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг 2006-2016 онд орон сууцаар бүрэн хангах хөтөлбөр боловсруулж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр баталсан.
ШШГБ нь уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн байгууллагын “Орон сууцны хөтөлбөр”-ийг боловсруулж, ялтныг ажлын байраар хангах, төсөвт зардлыг хэмнэх зорилгоор өөрийн хөрөнгө болон алба хаагчдын орон сууцны зээлийн эх үүсвэрээр 2006 оноос хойш Нийслэлд 710 айл, хөдөө орон нутгийн 16 чиглэлд 466 айл, нийт 1176 айлын орон сууц барьж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.