Их Британиас гаралтай “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийг Монгол Улсдаа албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус нэвтрүүлгийн Ерөнхий продюсер С.Ангараг, шилдэг дөрвөн зөн билэгтний хамтаар хэвлэлийн хурал хийж, шоу нэвтрүүлгийн явц, ялагчийг хэрхэн тодруулах талаар мэдээлэл өглөө.
Уг нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландийн “Тв медиа партнерс” болон Норвегийн “Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд АНУ, Австрали, Украин, Болгар, ОХУ гэх мэт дэлхийн 20-иод улсад албан ёсоор үзэгчдэд хүрсэн алдартай нэвтрүүлэг.
NTV телевизийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн “Оросын зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 17 дугаарыг албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголынхоо үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл энэ удаад “Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлгийг албан ёсоор бэлтгэн хүргэх 22 дахь орон болж, өнгөрсөн хавраас эхлэн эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа юм.
Нэвтрүүлэгт нийт 200 гаруй оролцогч бүртгүүлж, эхний шатанд 60 оролцогч шалгаран үлдэж байснаас өдгөө шилдэг дөрвөн зөн билэгтэн тунаж үлдээд байгаа бөгөөд нэвтрүүлгийн ялагч Шилдэг зөн билэтнийг долдугаар сарын 09-ний ням гарагт тодруулах юм байна.
Долоо хоног бүрийн Бямба, Ням гарагийн үдэш үзэгчдэд хүрч буй “Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлгийн нэг өдрийн дугаарыг телевизээр дунджаар 150 мянга гаруй өрх үзэж, давтагдсан тоогоор 2.7 сая үзэгчид тус нэвтрүүлэг хүрч чаджээ. “Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлгийн шинэ дугаар бүрийг Facebook-ийн пэйжээр Live- аар дамжуулдаг бөгөөд, бүтэн дугааруудын дундаж үзэлтийн хэмжээ 30’000 давсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэв.
"Зөн билгийн тулаан Монголд" нэвтрүүлгийн Ерөнхий продюсер С.Ангараг "Нэвтрүүлэг маань стандартын дагуу явагдсан. Зохион байгуулалт ямар байх, сорилууд ямар байх вэ, зураглаач нар хэрхэн ажиллах вэ гээд бүх зүйл нэвтрүүлгийн стандартын дагуу явагдсан. Нэвтрүүлэгт нийт 50 гаруй сорилууд явагдлаа. Сорил болгоныг үр дүн үзүүлэлтүүдийг эргэн харж хэн нь хамгийн өндөр оноо авсан бэ гэдгээр Шилдэг Зөн билэгтнийг тодруулна. Мөн тусгай дугаар ажиллуулж мессеж санал авч байгаа. Үзэгчид өөрийн дэмжиж буй оролцогчийн хувийн дугаарыг 15-85-95 тусгай дугаарт мессэжээр илгээн саналаа өгч байгаа юм. Үзэгчдийн санал зөн билэгтний нийт онооны 30 хувийг бүрдүүлэх бөгөөд долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл мессеж саналыг авна. Facebook-ийн пэйжээр дамжуулан мессэж санал асуулгын өдөр тутмын явцын мэдээг танилцуулж байгаа" хэмээх мэдээллийг өгөв.
Эцсийн шатанд хувийн дугаар №1 Т.Алтанцэцэг, хувийн дугаар №2 Г.Анударь, хувийн дугаар №3 Н.Батцэнгэл, хувийн дугаар №6 Б.Эрдэнэсан нар шалгарч үлдээд байгаа бөгөөд өөрсдийн сэтгэгдлээ ийн хуваалцав.
Т.Алтанцэцэг: Зөн билгийн тулаан шоу нэвтрүүлэгт оролцсон гол зорилго нь Монголын зөн билэгтэнүүдийнхээ дунд би аль хавьд явж байна вэ гэдгийг сорих зорилгоор орсон. Монголд дэлгэрээд байгаа бөө мөргөлийг зөв талаас нь ойлгуулах, монголынхоо үндсэн сүсэг бишрэл гэдгийг ойлгуулах гэж орсон. Нэвтрүүлгийн явцад сорилууд бол хамгаалалт сайтай, задаргаа байхгүй, оролцсон хүмүүсийнхээ дунд ямар нэгэн айдасгүй, найдвартай тэмцээн болсон.
Г.Анударь: Хамгийн том зорилго бол зан үйлээ таниулахыг хүссэн. Харын шид, шулам гэдэг нь хараал жатга хийдэг биш сайн сайхны төлөө явдаг юм аа гэдгийг харуулахыг хүссэн. Бүгд нэг зорилготой, нэг цэг рүү явж байгаа. Салаа жим бүрээр бид бүгд дээшээ өгсөж яваа.
Шулам гэдэг нь ээжийнхээ цуснаас дагаж төрдөг удамшдаг, зөн билгийн чадвартай дагаж ирдэг ийм юм. Бөө мөргөлд ч удмаас дамжиж, удмын онгод сахиус буудаг. Нэг хүн лаа асаагаад, хар хувцас өмсөөд, өвөрмөц байдлаар харагдаад явлаа гээд шулам болчихгүй. Энэ бол удмаас дамжиж ирсэн өөр чадвар байдаг.
Б.Эрдэнэсан: Зөн билгийн тулаанд Монголынхоо бөө мөргөлийг залуучуудхэрхэн яаж авч явж байгааг харуулахыг зорьсон. Бас өөрийгөө сорих гэж орсон. Энэ тэмцээнд орсноор өөрийнхөө ирээдүйг харсан Миний хэтийн зорилго улс орон, ард түмэндээ тус болж, байгал хангай дэлхийхээ төлөө өөрийнхөө хувь нэмрийг оруулах явдал юм.
Н.Батцэнгэл: Онгод тэнгэрийнхээ хүчийг ашиглахгүйгээр зөвхөн улаач хүний мэдрэмж хүч ямар байгааг сорихыг хүссэн. Өөрийнхөө ямар хүчтэй гэдгийг үзэгчдэд харуулахыг хичээлээ. Онголд сахиусаа буулгахаар улаачид мэлмий, хүч чадал хайрладаг. Энийг хэр хэмжээнд хурааж чадаж байгаа, тэрийгээ иргэдэд яаж тус болж хэрэглэж чадаж байгааг харуулахыг хүссэн. Онгод тэнгэрийн хүчийг би аль ч сорил дээр ашиглаагүй. Онгод тэнгэрийн хүчнээс авсан өөрийн зөн совин мэдрэмжийг ашиглаж чадаж байна гэдгээ харуулж чадаж байгаа. Бүх сорилууд шударга явагдаж, шударгаар өрсөлдөж явж байгаад дөрвүүлээ үлдсэн байна.
“Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлгийн Шилдэг зөн билэгтнийг тодруулах дугаарыг 2017 оны долдугаар сарын 09-ний өдөр NTV телевиз шууд дамжуулан үзүүлнэ.
Шилдэг оролцогч Б.Эрдэнсангийн ярилцлагыг унших бол энд дарна уу.
Шилдэг оролцогч Г.Анударийн ярилцлагыг унших бол энд дарна уу.
Шилдэг оролцогч Т.Алтанцэцэгийн ярилцлагыг унших бол энд дарна уу.
Шилдэг оролцогч Н.Батцэнгэлийн ярилцлагыг унших бол энд дарна уу.
эх сурвалж:time.mn сайт