МАНАН гэсэн үгийг улс төрд их ашиглах болжээ. МАНАН-гаас салах тухай ч ам уралдан ярих боллоо. 2008 оноос МАНАН-гийн нэгдэл ихтэй гэж ярих хэсэг бий. Харин зарим нь энэхүү нэгдлийг 2004 оноос эхлэлтэй гэж хардаг. Учир нь хамгийн олон намын төлөөлөл бүхий парламент тухайн онд бүрдэж байсан юм. Тэр үед МАХН-одоогийн МАН болон АН нар зөвшилцөж засгийн газраа байгуулж байлаа. Ерөнхий сайдаар нь Ц.Элбэгдорж ажиллаж байв. Дараа нь 5 намын төлөөлөл бүхий засгийн газар хүртэл ажиллаж байсан билээ. Энэ л үеэс эдийн засагт эерэг өөрчлөлт, амьдралд тустай төрийн шийдвэр гарч байсан тухай өнөөдөр олон хүн мартсан бололтой.
Энэ бүхэн үнэхээр МАНАН уу? эсвэл арай өөр ойлголт уу гэдгийг өнөөдөр ухаж ойлгох, тунгааж бодох нь зүйтэй санагдана. Улс төрийн нам бүр зөвшилцөл гэх үгээр зэвсэг хийж хамтын ажиллагаа өрнүүлдэг. Энэ жишгийн дагуу 2004, 2005, 2008, 2010 онуудад хамтарсан засгийн газар байгуулагдаж байв. 2012 онд ч Ардчилсан нам бас л улс төрийн зөвшилцөл хийж хамтрагчаа сонгож байлаа. 2014 онд бас л ийм л алхам болсон. Тэгэхээр улс төрийн намын хамтрах үйл явц бол цаг хугацаа, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой үйл хэрэг гэхэд болно. Үүний цаана улсын эрх ашиг бичигддэг нь гарцаагүй. Учир нь МАН болон АН хамтарсан нөхцөлд эдийн засагт эерэг үзүүлэлт гарч, улс төрийн нөхцөл байдал тогтвортой явж ирсэн нь баримтаар ил харагддаг зүйл. Харин энэ хоёр том хүчин нэг нэгнээ сөрж зогсоохоор эдийн засагт хохирол, иргэдэд ажилгүйдэл бэлэглэхээс хэтэрдэггүй.
Тэгэхээр МАНАН чухам хаана байна вэ?
МАНАН чухам ураг төрлийн улс төрийн сонголт дээр оршиж байгаа бололтой. Учир нь хоёр намын аль алинд нь шигдсэн цөөхөн гэр бүл бий. Түүгээрээ дамжуулан бизнесээ дэмжүүлж, олон төрийн аль ч үед асуудлаа төрөөр шийдүүлээд яваад байна.
Тухайлбал МАН болон АН-ын үйл ажиллагаанд хамгийн их зүтгэлтэй оролцож байгаа хэдхэн гэр бүл байдаг. Үүнээс хоёрхон жишээг нь та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Энэ бол ахан дүүсийн улс төрийн амраглал.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар. Түүний хувьд МАН-ын дээгүүр албан тушаалтан. УИХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. МАН-ын бүхий л нарийн ширийн бодлогод оролцдог нэгэн. Нийслэлийн МАН-ын удирдах албан тушаал хашиж байгаа. Түүний хувьд МАН-ын бүхий л шийдвэрийг мэдэж, бас намынхаа алсын хараа, хийх ажлын зорилт, хэлэх үгийн утгыг хүртэл мэднэ. Ах нь эрх баригч намын бодлого дээр сууж байхад дүү нь АН-ын явуулын станц болчхоод эрх баригч намыг шүүмжлээд тууж явна. Энэ бол АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Дагвадорж
Д.Дагвадорж: АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн. АСА явуулын станц ажиллуулж Ардчилсан намын дуу хоолой болох болсон. Түүний хувьд ахтайгаа үзэл бодол нэг биш учраас өөр сонголт хийчихсэн хэрэг гэж нэг хэсэг нь харах л байх. Харин зарим нэг нь огт өөрөөр тайлбарлах юм билээ. Ах дүү хоёр нэг намд гүйгээд орчих юм бол амьдралд тус үгүй. Бизнест хүртэх ашиг бага учраас л асуудлыг арай өөрөөр хар. Иймээс нэгэнт нь ах нь МАН-ынх байхад дүү нь ийшээ зүтгээд юугаа хийх вэ? Харин өөр сонголт хийсэн мэт олон үзэгдээд угтаа бол араа бодсон алхам гэж тайлбарлах юм билээ. Ямартай ч Д.Дагвадоржийн хувьд сүр дуулиан болон байж АН-ын сонгосон. Үүнийхээ ч ачаар бизнесээ өргөжүүлсэн гэх яриа гардаг юм билээ.
Манлай зааны хөвгүүдийн сонголттой ижилхэн бас нэгэн сонголтыг хийсэн ах дүүс байна аа. Тэд бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нар юм.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг бол МАН-ын бас л бодлого тодорхойлогч эмэгтэй гишүүдийн нэг. Түүний хувьд улсын их хуралд анх удаа сонгогдоод байна. Харин түүний дүү нь Б.Наранхүү. Бас л УИХ-ын гишүүн. Гэхдээ Б.Наранхүү бол МАН-ын гишүүн биш. Харин тэр АН-ын гишүүн. Хамгийн их ажил тасалдаг. УИХ-ын чуулганд цөөхөн удаа суудаг гэж цоллуулдаг ч гэсэн Дундговь аймгаас сонгогдоод л гараад ирдэг нэгэн бол Б.Наранхүү. Эгч дүү хоёрыг бол жинхэнэ утгаараа өтгөн суунагласан мананг ураг төрөлдөө бүрэлдүүлж чадсан гэх юм билээ. Энэ гэр бүлийн бизнес хоёр төрийн нүүрэнд хаалт үгүй урагшилдаг гэх явган яриа зарим хүрээлэлд байдаг гэсэн.
Тэгэхээр МАНАН гэдэг чинь яг үнэндээ хоёр намын нэгдэл биш. Харин хэдхэн гэр бүлийн хоёр намд шигдсэн нүүдэл юм гэхэд дэгстүүлсэн болохгүй л болов уу. Харин ч амьдрал, бизнест нь ашигтай учраас л ах дүү хоёр тус тусдаа нэг нам сонгож жинхэнэ утгаараа ураг төрлийн МАНАН-г үүсгэчхээд байгаа нь энэ биш гэж үү.