Монгол Ардын нам 2016 оны сонгуульд Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн амлалт өгч ялалт байгуулсан гэхэд болно. Харин ялалтынхаа дараа байгуулсан МАН-ын засгийн газрын тэргүүн нь Ж.Эрдэнэбат. Түүний засгийн газар үнэндээ мэргэжлийн засгийн газар биш. Харин ч ураг төрөл, садан, уяач, найз нөхөд, бизнесийн хамтрагчийн хуйвалдааны засгийн газар болчихлоо гэсэн халаглалд түмэн олон автаж, төрийн ажил гадарлах хэсэг нь шүүрс алдаж, намынх нь нанчилдаж, албан тушаалаа булаацалдаж, ана мана үзэлцсэн билээ.
Монгол Улсын Их хурлын даргын хамаатан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сайн найз нь Эрдэнэс таван толгойн ХК-ийн захирал Ариунболд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нь МАН-ын дарга М.Энхболдын уяаны хамтрагч, морин спортын холбооны төлөөлөл гэх мэтээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөлөх үг олон. Энэ нэгэнт яригдсан сэдэв.
Засгийн газарт сайд нараас гадна бусад албан тушаал дээр садан төрлийн томилгоо савнаасаа хэтэрчихсэн гэхэд болно. Тухайлбал УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын дарга, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Төрийн банкны захирал. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дара, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхны эгч НДЕГ-ын дэд дарга. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүз Батлан хамгаалах яаманд газрын дарга Хотын засаг дарга Су.Батболдын туслах нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга болсон. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннарыгаа Оюутолгойн ТУЗ-д гишүүн болгов. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Чингис хаан ОУНБ-ын дарга болсон гээд дурдвал олон.
Үүнээс гадна Нийслэл дээрх МАН-ын томилгоо өнөөдөр олон Төрийн албан хаагчдын эгдүүцлийг төрүүлж, эсрэг намынх нь нэр хүнд өсөхөд нөлөөлсөн гэхэд болно. Эрх баригч намын нэр хүнд Улаанбаатар хотод шалдаа уначихсан гэдгийг саяхан болсон сонгуулийн санал хураалт бэлхэн харуулчхав. Нийслэлийн ИТХ-д олонхи болж, Нийслэлийн засаг даргаар МАН-ын дарга М.Энхболдын найз томилогдов. Үүнд тус намынхан ихэд эгдүүцсэн. Үүгээр зогсохгүй Нийслэлийн төр захиргааны байгууллага, харьяа агентлаг, газар нэгжийн удирдлагаар түүхийгээрээ залуусыг авчирсанд төрийн албаныхан эгдүүцсэн нь гарцаагүй. Энэ ч утгаараа тэд жилийн дараа МАН-д дүн тавьж орхилоо. Улаанбаатар хотын удирдлагаар ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтан бүр ам уралдан ярьж байгаа нэг сэдэв бол Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан МАН-д итгэл нь алдарчээ гэх үг. Үүний шалтгаан нь урлаг соёл, спорт, загвар өмсөгчдөөр агентлаг, газар нэгж, харьяа байгууллагаа хариуцуулсан МАН-ын харалган бодлогын алдаа гэхэд болно.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын даргаар л гэхэд сагсчин Отгонбаяр гэх эрхэм томилогдон ажиллаж байна. Түүний хувьд сагсан бөмбөгийн үндэсний лигт сайн найруулан тоглогч байсан нь үнэн. Харин төрийн албан сайн удирдагч байж чадахгүй байгаа тухай тамгын газрынхан ярих болжээ. За дайран дээр давч гэгчээр Номин талст хамтлагийнхан Нийслэлийн харьяа байгууллагын толгойд суух болсон. Улаан зангиа, цагаан цамцтай зураг даруулж гангарахаас өөр ажил хийгээгүй гэхэд болно. Номин талст хамтлагийн ахлагч Батсүх нь нэг агентлагийн дарга. Хаянхярваа нь мөн л нэг агентлагийн дэд дарга. Бас л урлагийн төлөөлөл болох Сарантуяа л гэхэд Соёлын төвийн дэд даргаар оччихоод байна. Улаанбаатар чуулгын дарга нь рок Мөнхсайхан. Мөн телевизийн хөтлөгч залуу болох Ж.Дамдинсүрэн нь Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болов. Энэ мэтээр тайзан дээр л дуу дуулж явсан болохоос төрийн албанд зүтгэж үзээгүй залуусыг Нийслэлийн чухал чухал харьяа агентлагийн даргаар суулгасан нь МАН-ын маш том алдаа болсон гэхэд болно. Энэ мэтээр их л олон алдааг МАН гаргаж, мэргэжлийн засгийн газар гэх сайхан нэрийг мөн ч амархан шавхруутай хутгаж, намынхаа нэр хүндийг шалбаагт унагав хөөрхийс.