Ерөнхийлөгч өр тэглэх амлалтаа биелүүлж чадах уу?

Ерөнхийлөгч өр тэглэх амлалтаа биелүүлж чадах уу?

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 3 сая иргэнийхээ өрийг нэг удаа тэглэж өгнө хэмээн амлаж олон хүний саналыг өөртөө авснаар ийнхүү төрийн тэргүүний сэнтийд заларсан. Угтаа бол өдрийн хоолоо арай ядан залгуулж буй ард түмэн Ерөнхийлөгчийг өрнөөс нь салгана гэж итгэсний үр дүнд түүнийг сонгож саналаа өгсөн хэрэг. Тэгвэл шинэхэн Ерөнхийлөгчийг ажлаа аваад нэг сар ч болоогүй байхад ард олон түүнээс өр тэглэхийг шаардаж амлалтаа биелүүл гэж шахаж эхэллээ.

Тодруулбал, өчигдөр “Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөнөөс МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад амлалтыг нь ийнхүү сануулж шаардлага хүргүүлж байгаа талаараа олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Тэд хэлэхэдээ “Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад даалгавар өгөхдөө цалингийн, малчны, тэтгэврийн, сургалтын зээлийг чөлөөлөх ёстой. Одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг “Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгаар төлөх бүрэн боломжтой гэж өөрсдөө гаргалгаа гаргасан байсан. Нийт 5.8 их наяд төгрөгийн зээлийг чөлөөлөх боломж байна гэсэн. Ийм учраас бид энэ амлалтаа биелүүлэх ёстой” гэсэн шаардлагыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд мөн тавьж байна гэлээ”. Ямартай ч одоогоор тус хөдөлгөөнд 30 гаруй иргэн нэгдээд байгаа бөгөөд цаашид ч амлалтыг ажил хэрэг болгох чиглэлд тууштай тэмцэх зорилгоор иргэдийг олноор оролцохыг уриалж байв. Мэдээж өнөөдөр АН-ын энэхүү худал хуурмаг, сонгогчдын итгэлийг олж авахын тулд поп амлалт өгч эрх мэдлийг гартаа оруулсан нь АН төдийгүй Ерөнхийлөгчийг хүртэл ацан шалаанд оруулж буй хэрэг.