Х.Баттулга, З.Энхболд гэх хоёр нэр 2010 оноос хоршил болон сонсогдсоор өнөөдрийг хүрлээ. Тухайн үед буюу 2011 оны эхнээс Хамтарсан Засгийн газрын танхимаас Ардчилсан нам дахь фракциудын эрх ашиг харагдаж байсан. Тодруулбал, С.Баярын дэглэн найруулсан Засгийн газрыг хамгаалах Н.Алтанхуягийн эсрэг Ардчилсан хүчний холбоо, МоАХ хамтран хөдөлсөн ба тэр цагаас л Ардчилсан намын ирээдүйг “Женко” Х.Баттулга, З.Энхболд нар шийдэж, тэдний тохиролцоо улстөрийн том намын хувь заяаг эргүүлж байсан билээ.
Тэгвэл энэ хоршил өдгөө цар хүрээгээ тэлж, нэг намын бус нэг улсын хувь заяаг эргүүлэх, эсэх дээр тулжээ. Учир юу гэвэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулга тамга, тэмдгээ гардан авмагц цаашид гар нийлэн ажиллах баг бүрэлдэхүүнээ цуглуулж, зохих газруудад хуваарилж эхэлсэн. Гэхдээ “Монгол” Ерөнхийлөгч маань итгэлэ өгсөн ард түмнийхээ сэтгэлийг гонсоймоор алхам хийж, З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон юм.
Түүний энэ шийдвэрт олон хүн харамсаж, “Зи л биш шүү” гэж байсан ч мань нөхөр хэдийнэ албаа хүлээн аваад, ажлаа эхлүүлчихсэн. Түүгээр ч үл барам Ерөнхийлөгчийн дайны шийдвэрүүд гаргаж, өмнөөс нь албан бичиг үйлдэж, мутраа үлдээсэн байв. Энэ нь гадаад оронд улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг эргүүлэн татах тухай “ЗАРЛИГ” байлаа.
Хамгийн эгдүүцмээр нь, Монгол Улс нэг төр, засаггүй Х.Баттулгын хувийн Тамгын газар хийгээд МАН-ын УИХ, Засгийн газар гэдэг байгууллагуудтай юм байна гэж ойлгохоор агуулга бүхий бичиг үйлджээ. Яах вэ, түүний бичсэнээр алив үйлийг зөвшилцлийн үндсэн дээр хийж гэмээнэ ардчилсан зарчимд нийцэхээр авч З.Энхболдоор толгойлуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газар нь УИХ-ын Тамгын газартай илт дайсагнасан байдлаар хандаж байгаа нь асуудлын гол учиг.
Гэтэл Монгол Улсын хуульд зааснаар, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид тавьдаг ба төрийн тэргүүн уг саналыг УИХ-аар оруулж, зөвшилцөлд хүрдэг ажээ. Харин хэн нэгэн Тамгын газрын даргын сэтэртэй нөхөр гар дахь тамгаа ашиглан, төрийн тэргүүний өмнөөс бичиг үйлдэж, төрт ёсны уламжлалыг алдагдуулах нь чухамдаа хууль зөрчсөн үйлдэл мөнөөс мөн.
Гэхдээ энэ бичигнээс илүүтэйгээр зангараг, бууриараа жинхэнэ монгол эрийн шинжийг өвч бүрдүүлсэн, ширүүн дориун төрх байдалтай Ерөнхийлөгч маань албаа авмагцаа л улс орны өнөөгийн доройтлын гол буруутан, АН-ын уналтын эзэн гэгдсэн этгээдэд хамаг асуудлаа даатгаж, атганд нь багтсан явдал дэмжигчдийнх нь хамаг гайхшрал, цочирлыг барж байгаа бололтой.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч болтол нь дэмжиж, итгэл хүлээлгэсэн олон түмэн түүнийг “монгол Путин” гэж өргөмжлөн, эгээ л “Дараагийн эзэн Чингэс” гэх нь холгүй биширч, жинхэнэ шударга, шулуун, эрс шийдвэрүүдийг хүлээж байсан ч магтсан хүүхэн хуриман дээрээ унгахын үлгэр болох тийшээ хандчихлаа.
Аль 2014 онд л З.Энхболд Ерөнхий сайд болж, Х.Баттулгаар Шадар сайд хийлгэнэ гэж байсан ч бүтээгүй. Харин одоо мань Зи хамтрагч нь Ерөнхийлөгч болсон ч Засагт багтах нүүр, суудалгүй тул Тамгын газрын даргын нэрээр “Хойт эх”-ийн дүрийг бүтээж байгаа ажээ.