Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32,2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах, хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн /2017.07.18 / Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын 10 гаруй мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эхний ээлжинд 32,2 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын албан хаагч, энэ үйл ажиллагаанд оролцож буй иргэдийн хэрэгцээнд ийнхүү нийлүүлж тусламж үзүүлж байна” гэв.
Тодруулбал “Тайж групп” ХХК 10 сая төгрөг, “Мах маркет” ХХК 5 сая төгрөг, “Дархан меат фүүдс” ХХК 5 сая төгрөг, “Сүхбаатар мах маркет” ХХК 3 сая төгрөг, “Монгол мах экспо” ХХК 2 сая төгрөг, “Траст трейд” ХХК 2 сая, “Саян-Уул” ХХК 2 сая, “Хүнс комплекс” ХХК 1.3 сая төгрөг, “Хатан сүйх” ХХК 854 мянган төгрөг, “Монгол фүүд” ХХК 1.1 сая төгрөг, нийт 32.2 сая төгрөгийн махан бүтээгдэхүүнийн тусламж үзүүлэв.
Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 8, Төв аймагт 10, Булган аймагт 2, Увс аймагт 1, нийт 14 түймэр асаж, 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57 автомашин, орон нутгаас 592 хүн, 52 автомашин,нийт 1346 хүн, 109 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. Энэ үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтрааж, 66 мянга гаруй га талбай шатсан байна.