Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансанд тендерийн мөнгө орж ирээгүй гэв
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Хамгийн сүүлд гэхэд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат ярилцлага өгсөн байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?
-Улсын ерөнхий прокурорын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан шударга бус ажиллаж байна гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд худал мэдээлэл тарааж, миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн гээд байгаа. Энэ үнэн юм уу?
-Улсын ерөнхий прокурорын газрын албан тушаалтны хэлж буйгаар Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн хэмээн мэдэгдсэн. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Н.Алтанхуяг болон түүний эхнэрийн дансаар мөнгө орсэн зүйл огт байхгүй. Ийм асуудал огт үүсээгүй.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа шүү дээ?
-Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэж үзэж байгаа. Улсын Ерөнхий прокурорын газар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг болохоос биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэдэг, улс төрд хутгалдан ордог газар биш шүү дээ. Ингэж худал цуурхал тарааж, шударга бус ажиллахаар иргэд яаж прокурорын байгууллагыг зөв шударга ажиллаж байна гэж итгэх юм бэ. Прокурорын байгууллагын ганц албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж тус газрын нэр хүнд бүхэлдээ унаж байна. Иргэдийн прокурорын байгууллагад итгэх итгэл алдарч байна. Прокурорын байгууллага хэвлэлээр хүн гүтгэдэг, худал хуурамч зүйл хийдэг газар биш ээ. Үүнийг хязгаарлаж, хуульд заасан чиг үүргээ биелүүлмээр байна. Төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцдог болохоос биш, үнэн мөн нь шийдвэрлэгдээгүй хэрэгт хүнийг гүтгэж, доромжилж болохгүй гэж хэлмээр байна. Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй.
-Энэ талаар мэргэжлийн байгууллагад хандсан уу?
-Прокурорын байгууллагын албан тушаалтны хууль бус үйл явдлыг Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагад хандаж, гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын байгууллага миний үйлчлүүлэгчийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой мэдээллийг улстөржүүлж, худал цуурхал тараасныг таслан зогсоож үнэн зөв шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаа гэв.
Өдрийн сонин