Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХНамаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн үзжээ.
Ингээд түүний БНСУ-ын иргэнээс авсан 50 сая воныг улсын орлого болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс энэ сарын 02-ны өдөр хүлээн авч, 7-ны өдөр шүүх хурлыг товложээ.
Энэ талаар С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар өгсөн байна.
Ингээд наймдугаар сарын 7-ны 16.00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэсэн байна.