Монголын улстөрчид сонгуульд ялагдах, албан тушаалаасаа огцрох, эрх мэдэлгүй болох зэрэг үйл явдлын дараа холын Америк руу чимээгүйхэн нисдэг зуршилтай. Анхны шанг нь Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд нэр бүхий эрхмүүд татсан гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Мань Элбэгээ Харвард дүүргэж дэлхийн боловсролтой хүн боллоо гэж өөрийгөө баахан дөвийлгөж рекламдаж байгаад Монголын улс төрийг хэдэн жил самарч дөнгөсөн. Араас нь МАН-ын НАМЗХ-ны ерөнхийлөгч байсан Л.Оюун-Эрдэнэ Харвардад сурсан, төгсөөд Монголдоо ирсэн, бас л МАН-ын залчуудын байгууллагаа самарч, хоёр талцуулж бужигнуулав. Хоёр өөр хүн гэхэд нэг л танил сценаритай учраас энэ хоёр улстөрчөөс намынхан нь зайгаа барьж эхэлсэн.
Төрд өндөр алба хашиж байхдаа төсвөөс мөнгө хулгайлдаг юмуу, эсвэл дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдох сургуулийн төлбөрийг гадаад найзууд нь даадаг юмуу гэнэтхэн л боловсролоо дээшлүүлж, сурцгаадаг. Үүнд муу зүйл байхгүй л дээ. Гэхдээ хэний мөнгөөр, ямар зорилгоор сураад ирэв гэдгийг нь монголчууд асуух эрхтэй. Учир нь харь оронд амьдраад, тархи толгойгоо “цэнэглүүлээд” ирсэн эдгээр эрхмүүд Монголын төрийн жолоог атгалцаж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой шийдвэр гаргаж, хууль санаачлах онцгой эрх эдэлж байгаа. Бид ямар хүнд төрийн жолоогоо атгуулснаа мэдэх эрхтэй. Тэд өөрийн толгойгоор ажиллаж байна уу, хүний заавраар хөдлөөд байна уу гэдгийн цаана улс орны аюулгүй байдал оршиж буй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигч М.Энхболдыг сошиал орчны сурталчилгааг хариуцаж, халз мэтгэлцээн хийхийг өдөр шөнөгүй шахам уриалж байв. Түүний хүссэнээр халз мэтгэлцээн болсон, М.Энхболд хамгийн том оноо алдав. Бөгс долоосон асуулт, олны дургүйцлийг илтэд бадраах хорон асуултууд шургалсан учраас МАН-ын нэр дэвшигч мэтгэлцээнд ялагдсан. Халз мэтгэлцүүлье гэж өдөр шөнөгүй уриалсан Л.Оюун-Эрдэнэ яагаад асуултуудыг нягталсангүй вэ, үүнийг санаатайгаар хийсэн юм биш биз гэсэн хар эрхгүй төрнө. Анхнаасаа өнгөн дээрээ дэмжсэн дүр эсгэж М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахгүй гэсэн хоёр нүүртэй ажилласан юм биш биз?.
“Түгжил” ажиллагаа байсан уу гэж хардах хэд хэдэн үндэслэл байна.
1.Эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах “Херо”-гийн захирал Баатар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүх PR-ыг хариуцаж ажилласан. Тэд сонгуулийн үеэр хоорондоо холбоотой байсан нь тодорхой.
2.Л.Оюун-Эрдэнэ Хэнтий нутгаар, цаашилбал улс төрд У.Хүрэлсүхээр овоглодог. Шадар сайд У.Хүрэлсүхийн нам дотроо түймэр тавихад ч бэлэн бэлтгэгдсэн залуучуудын төлөөлөл нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар мөнөөс мөн.
- МАН-аас нэр дэвшигчийг ялуулахгүй байх сонирхол гадаадын зарим улс оронд байсан юм биш биз. Тэрхүү сонирхлоо өөрийн улсад тархиа цэнэглэсэн Монголын улстөрчдөөр дамжуулан хэрэгжүүлсэн байж болох уу. Өнөөх шүтээд байдаг америкчууд хүртэл Ерөнхийлөгчийнх нь сонгуулийн дүнд Оросын хакерууд нөлөөлсөн гээд мэдэгдчихсэн шүү дээ.
Энэ мэтчилэн маш олон асуулт урган гарна. Сонгуулийн ялагдлын дараа хүмүүс олон янзын дүгнэлт хийдэг. Гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьдаг шигээ цэвэр хүн мөн үү. Эсвэл Харвардад тархиа цэнэглүүлсэн ээлжит нэгэн Түгжил үү. Энэ асуудлыг маргааш болох тус намын удирдах зөвлөлийн хурал дээр авч хэлэлцэх үү аль эсвэл ирэх сард болох их хурал дээрээ энэ бүхнийг нэгбүрчлэн хэлэлцэх үү гэдэг нь анхаарал татаж байна. 90 жилийн түүхтэй улс төрийн том намын гишүүд алдаа оноогоо зөв дүгнээсэй. Үг хатуу ч хожмын явдалд тустайсан.
эх сурвалж: erennews.mn