Ерөнхийлөгчийн өмнөөс хэн том дуугарав

Ерөнхийлөгчийн өмнөөс хэн том дуугарав

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд ирэх 4 жил ажиллах багаа бүрдүүлж эхлээд байгаа. Хамгийн эхэнд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар З.Энхболдыг томилов. Харин удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуяг ажиллахаар болсон.

Монгол Улсын Их хурлын даргаар 4 жил ажилласан З.Энхболд, Ерөнхий сайдаар 2 жил ажилласан Н.Алтанхуяг. Эдгээр эрхмүүдийн хувьд Төрийн тусгай хамгаалалтыг эдэлж байгаа. Нэг үгээр хэлбэл өмнөх албан тушаалынх нь хүрээнд нэг бүрэн эрхийг хугацаанд төрийн тусгай хамгаалалтыг эдлүүлдэг хуультай. Дээр нь мэдээж хэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалттай.

Ерөнхийлөгчийн дэргэд тусгай хамгаалалт бүхий 2 эрхэм ажиллаж эхэлсэн нь нэг талаасаа зангараг мэт харагдавч нөгөө талдаа Х.Баттулга гэдэг хүнийг давж дуугарах, түүнээс түрүүлж хөдлөх гэх ажиглагдах болов. Уг нь Ерөнхийлөгчийн байр суурийг олон нийтэд илэрхийлэх 2 чухал хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар юм. Гэтэл тэд өмнө нь байсан эрх мэдлийнхээ зангараг, өнөөдөр байгаа албан тушаалынхаа эрэмбэ хоёрыг үл ялгаж байгаа бололтой. Үүнийг илэрхийлэх хэд хэдэн үйлдэл өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажиглагдав.

Нэгд: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын УИХ-ын тамгын газрын дарга Цолмонд хаяглан илгээсэн албан бичиг. Зарим элчин сайдыг эргүүлэн татах тухай уг албан бичиг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь гэхээсээ илүү түүний доор ажиллаж байгаа тамгын газрын дарга З.Энхболдын хүсэл мэт харагдсан. Тийм ч тайлбар мэт харилцан албан бичгийг хоёр том төрийн байгууллагын тамгын газрын дарга нар шийдэлцэв.

Хоёрт: Үндсэн хуулийн ажлын хэсгийг хүлээн авч Ерөнхийлөгч уулзсан үйл явдал. Уг үйл явдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийлсэн. Гэтэл араас нь Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг өөрийнхөө үзэл бодлыг ярив. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мөн л өөрийнхөө өнцгөөс асуудлыг тайлбарлах жишээтэй. Уг хурлын бичлэгийг танд бүрэн эрхээр нь хүргэж байна.

 

Эндээс ажиглахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн зөвлөх, тамгын газрынхаа даргын сүүдэрт бүдгэрч мэдэх эрсдэл бий болжээ. Эсвэл үнэхээр энэ 3 эрхэм Ерөнхийлөгчийн ажлыг цугтаа хийхээр шийдчихсэн юм гэж үү? Монгол Улсын Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Түүний үгийг түмэнд дамжуулж, хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн хүн нь З.Энхболд. Улс төрийн өнцгөөс гаргах шийдвэрт нь зөвлөж, байр суурь илэрхийлэх боломжийг нь хангаж өгөх үүрэг нь Н.Алтанхуяг. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, зөвлөх Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчтэйгөө зэрэгцэж суучхаад ам уралдан асуудлыг өөрийнхөө тайлбарлаж, өөрийн байр сууриа илэрхийлээд байж болохгүй юм.

 Үүнийг ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүмжилсэн байна. Түүний хувьд хууль зүйн талаас нь хараад уг асуудлыг анхаарах хэрэгтэйг зөвлөсөн гэхэд болно. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд аваад үзье. Түүнийг УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нарыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгч байхад Тамгын газрын дарга, Зөвлөх нь ам уралдан ярьж, асуудлыг тайлбарлаад байдаггүй байв. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л өөрийн байр сууриа илэрхийлж, асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс хэрхэн харж байгаагаа зөвлөдөг байлаа. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурин дээр нэмж тамгын газрын дарга нь тайлбар өгдөг. Дахиад зөвлөх нь байр сууриа нэмэрлэж, хачирлах нь төрийн хар хайрцагны бодлогын мөн чанарт нийцнэ гэж үү?  эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нараас асууж байна.