Уравсан нь баатар, зүтгэсэн нь зүхэгдсэн МАН

Уравсан нь баатар, зүтгэсэн нь зүхэгдсэн МАН


МАН-ын удирдах зөвлөл хуралдав. Янз бүрийн л асуудал яригдаж, олон хүн ч ширүүхэн үг чулуудаад авсан бололтой юм. Хэн юу гэж хэлсэн тухай худал, үнэн эсэх нь үл мэдэгдэх мэдээлэл хөвөрч байна.
Олон нийт ч тэр, МАН-ынхан ч тэр нэгийг магтаж, нөгөөг зүхэх болов. Яг үнэндээ улс төр гэдэг бохир тоглоом. Тэр тоглоомд хүн чанар гэдэг зүйл огт байхгүй. Иймээс л улс төрийн тоглоомын дүрмээр нэг нь ялагдагч, нөгөө нь ялагч болдог жамтай. Гэхдээ ялахад бас учир байдаг.
Эргэн санахуй
2012 он. МАН бүх шатандаа ялагдал хүлээж, АН-ын дайралтад шахагдаж эхэлсэн билээ. Хамаг л том улс төрчид нь харь улсыг зорьж мэдлэг боловсролоо дээшлүүлэх нэрээр хариуцлагаас зугтаж, биеийн амрыг бодсон цаг. Тухайлбал өнөөдөр сайд хийж байгаа Ц.Мөнх-Оргил, У.Хүрэлсүх нарыг нэрлэж болно. Нэг нь эхнэрээ эмчлүүлэх нэрийн дор гадаадад саатаж байгаад ирсэн. Нөгөө нь сургуульд сурах нэрээр гадаадад амьдарч галуу шувууны мах зооглож байгаад 23016 онтой уралдан эх нутагтаа ирж, МАН-ын албан тушаалын бялуунаас том хэрчим үмхчхээд сууж байна. Гэтэл МАН-ыг хэн үүрч дүүрч 2016 оны сонгуультай золгуулсан вэ? Буйдантай жагсаал хийлээ гэж адлуулсан хэдэн гишүүн, тэр үеийн МАН-ын бүлгийн гишүүд, МАН-ын дарга М.Энхболд нар биш гэж үү?
Өнөөдөр МАН парламентад 65 суудалтай эрх баригч нам боллоо. 65 суудалтай болгосон МАН-ын дарга М.Энхболдыг суудлаас нь зайлуулахыг л тус намынхан хүсэх боллоо. 65 суудалтай болгосон намын даргын гавьяаг мартчихав. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд нэр дэвшсэн. Түүнээс тэр сонгуулийн штаб удирдаагүй. Тэгэхээр түүнээс хариуцлага нэхнэ гэдэг хүнд.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан нэг шалтгаан нь У.Хүрэлсүх болж хувирав бололтой. Гэтэл түүнийг тус намынхан баатар мэт ярьж, бас бичиж байна. МАН-ын эгэл жирийн гишүүдийн хувьд намаасаа нэр дэвшсэн М.Энхболдыг ялуулахын тулд өдөр шөнө үгүй л зүтгэж, шах махтайгаа хатаж байсан. Харин эрх мэдэлд шунаж, албан тушаалд тэмүүлсэн нөхөд урваж шарван, улс төрийн хатуу тоглоомын утга муутай хувилбараар хумсаа нуусан муур лугаа авирлаж байжээ. Өрсөлдөгчтэйгөө нийлж, намын нэр дэвшигчээ унагаасан хүн БААТАР болж намын дарга болох ёстой гэж үү?
Зүтгэсэн нь огцрох шалтгаан
2012 онд Нийслэлд Ардчилсан нам ялалт байгуулж Э.Бат-Үүл тэргүүтэй тус намынхан Нийслэлийн МАН-ыг гудамжинд гаргав. Нийслэлийн МАН-ын байр нь төрийн мэдлийн байранд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Энэ цаг үед Нийслэлийн МАН-ын даргын суудлыг хэн авахыг хүсээгүй. Дарга бол гээд хадаг бариад байхад хүртэл тоохгүй зугтаж байсан гэдэг. Ийм цаг үед Нийслэлийн МАН-ын даргын суудлыг авч, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогыг боловсруулна гэсэн эрхэм бол Ц.Сандуй. Тэр 2012-2016 оны хооронд Нийслэлийн МАН-ыг анхан шатнаас нь эхлэн чадвахжуулах ажлыг хийжээ. Улаанбаатар хотын 152 хороонд 4 жилийн хугацаанд ажиллаж намын гишүүд дэмжигчтэйгээ уулзан зорилгоо ярьж явсан гэдэг. Гэтэл тэр 60 тэрбум гэх хэргийн буруутан болчхов. 60 тэрбумын гэх 90 болон 40 минутын бичлэгт Ц.Сандуй уг схемийг зохиогоогүй гэдгийг мэдэж болно. Бичлэг тараасан гэгдээд байгаа нөхөр нь бас нэг эрхэмтэй хамтран зохиосон гэдэг нь үг, өгүүлбэр, ярианаас нь илхэн мэдэгдэхээр байна. Ийм нөхцөлд Ц.Сандуйг бүхэл бүтэн 2 сонгууль дамнуулан зүхлээ. 60 тэрбум төгрөгийг идчихсэн мэтээр ярив. Тэр тэгж л улс төрийн албан тушаал наймаалсан бол НИТХ-ын дарга болох байсан гэж үү? Учир нь ялсан намын дарга нь засаг дарга болдог биз дээ. Гэтэл Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нь НИТХ-ын дарга болсон. Тэр албан тушаал биш хотын хөгжлөө л бодсон хэрэг
Гудамжинд гарч, Нийслэлд эрх мэдэл байхгүй болсон цаг үед намаа зөв удирдаж, ялалт байгуулсан хүнд өнөөдөр тус нам халгаатай болжээ.