2016 оны УИХ-ын сонгуулийн дараах МАН-ын ялалтын мэдээтэй зэрэгцэн сөхөгдсөн нэг мэдээлэл бол МАН-ын дараагийн дарга хэн вэ? Ийм бор шувуу нисэх болсон хэд хэдэн шалтгаан байсан. Нэгд: МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Ялалт байгуулна гэсэн тус намынхны хүлээлт. Нөгөө талдаа МАН-ын дарга болохыг хүсэгчдийн лидерээ дэвшүүлэн зайлуулах гэсэн тэмүүлэл ийм бор шувуу нисгэхэд хүргэсэн. Гэвч...
Өнөөдөр харин үйл явдал өөрөөр эргэчхээд байна. Энэхүү эргэлтийн цэг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Жил гаруйн өмнөөс нь МАН-ын дарга болохоор битүүхэн ажиллаж эхэлсэн эрхэм бол У.Хүрэлсүх. Түүний хувьд аймаг, дүүргийн намын хорооны дарга нартай сэм уулзаж, зөвлөлдсөн, гуйсан, үүрэгдсэн. Тавьсан ганц л болзолтой. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд намайг дэмжээрэй гэх ганц л болзлыг тулган шаардсан гэхэд болно. Гэвч У.Хүрэлсүх нь намынхаа ихэнх нөхдийн бодож байсан М.Энхболдыг дэвшүүлэн явуулаад намын дарга болохыг хүсээгүй аж.Энэ ч утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн зарим үгийг дэвэргэж, түмний сэтгэлийг эргүүлэх ажлыг хийсэн гэж МАН-ын удирдах зөвлөл У.Хүрэлсүхэд зэмлэл хүртээж эхэлжээ.
Өчигдөр /2017,08,16 / МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болсон. 11 цагт эхэлсэн хурал үдээс хойш өндөрлөв. Уг хурал болж байх явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр У.Хүрэлсүх ширүүхэн үг хэллээ. Ц.Нямдорж намынхаа нөхдийг зэмлэв гэх мэт мэдээлэл гарч байв. Үнэн хэрэгтээ тийм яриа огт болоогүй гэдгийг Удирдах зөвлөлийн 31 гишүүний ихэнх нь баталж байна.
МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар бага хурлын товыг тогтох. Мөн намын даргад хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэх. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан гэгдээд байгаа зарим асуудлыг дэнслэх байжээ. Гэвч тус намын удирдах зөвлөлийн хурал болохын өмнөх өдөр нь У.Хүрэлсүхийн Херогийн Баатартай ярьж байгаа утсны бичлэг дэлгэгдсэн нь түүний найруулсан тоглоомын дүрмийг өөрчлөхөд хүргэжээ. Уг нь У.Хүрэлсүх нь энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд том зорилго тээж орсон. Намын даргын суудлыг өвөртөлж, Засгийн газрыг атгах бодолтой байв. Гэвч өрсөлдөгчтэйгөө ярьсан утасны бичлэг У.Хүрэлсүхийн унах том шалтгаан болчихжээ.
МАН-ын удирдах зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн хувьд хэн нэгнээ чичилсэн, хэн нэгнээс зэм асуусан зүйл огт болоогүй гэнэ. Харин У.Хүрэлсүхийн бичлэгийг л тодруулахыг хүсчээ. Нэгэнт намынх нь удирдах зөвлөлийн гишүүдийн уур амьсгал өөрийнх нь эсрэг эргэчихсэн гэдгийг мэдсэн шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд асуудлыг дэвэргэхгүйн тулд “Би ажлаа өгнө” гэж хэлээд гараад явсан байна. Түүний хувьд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, намаа бужигнуулахгүй гэдгээ Удирдах зөвлөлийн хурал дээрээ хэлсэн гэдгийг тус намын зарим төлөөлөл хэлж байна.
Уг асуудлаас өөр ямар нэгэн хүнтэй холбоотой асуудлыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдан оролцсон Ерөнхий нарийн бичгийн даргыг хэрхэх, мөн 60 тэрбумын гэх хэргийн талаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан гэнэ. Уг асуудлаар ямар нэгэн яриа болоогүй. МАН зүтгэсэн хүнээ зүхэж, урвасан хүнээ шагнаж болохгүй гэж удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүн сануулжээ. Нэг үгээр хэлбэл нам нь гудамжинд гарч, хэн ч намаа гэхгүй зугтах үед Нийслэлийн МАН-ыг авч, өндийлгөж, боломжгүй гэж байхад ялалт байгуулсан хүнийг гавьяаг ярихгүй хэрнээ адлах нь МАН-ын араншин биш гэдгийг сануулсан байна.
МАН-ын удирдах зөвлөлийн хурлаас гарсан ганц л шийдвэр нь МАН-ын бага хурал 2017 оны 09 сарын 5-10 өдрийн хооронд болно. Энэ болтол тус намынхан асуудлаа цэгцэлж, Төрийн ажлаа тэргүүнд тавьж, намынхаа дотоод тэмцлийг орхих нь зөв гэж Удирдах зөвлөлийн 31 гишүүний дийлэнх олонхи нь үзжээ.