Нүүрсний 250 км замын 160 км зам дээр түгжрэл үүсчээ

Нүүрсний 250 км замын 160 км зам дээр түгжрэл үүсчээ

Тавантолгойн уурхайгаас Ганц модны боомт хүртэлх 250 км авто замаар Монгол Улс нүүрсээ тээвэрлэн хил давуулдаг. Гэтэл уг замын 160 км зам дээр  түгжрэл үүсч, жолооч нар зам дээр 10 гаруй хонох болжээ. Өмнө нь өдөртөө 400 орчим машин хилээр гардаг байсан байна. Харин сүүлийн хэдэн саруудад өдөрт 100 машин л хилээр гарч байгаа. Үүний нэг шалтгаан нь нэг машиныг 30-40 минут, цаашлаад нэг цаг орчим шалгаж эхэлсэнтэй холбоотой. Уг асуудлыг төрийн өндөр албан тушаалтангууд анхааралдаа авч цэгцлэх ёстой. Нөгөө талдаа БНХАУ-тай хэлэлцээр хийж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, машины шалгах хугацааг багасгах талаар яриа хэлэлцээр хийх учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тал дээр Засгийн газар, уул уурхайн яам, гадаад харилцааны яам анхаарч үзсэнгүй гэж авто зам дээр 10 гаруй хонож байгаа жолооч нар зүхэж сууна.

Нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын машины жолооч нарын хувьд эрх ашгаа хамгаалахаар бэлтгэж эхэлжээ. Цэцийн хөдөлгөөн ТББ-ын зүгээс өнөөдөр 400 жолоочийг хамруулсан жагсаалыг зохион байгуулах юм байна. Өдрийн 12:00 цагт жолооч нар хилийг хааж тайван жагсаал зохион байгуулсан эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Тавантолгойн уурхайгаас Ганц модны боомт хүртэлх замаар нүүрс тээвэрлэж байгаа 6000 орчим жолооч байдаг. Эдгээр жолооч нарын хувьд Монгол Улсын эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч нар. Гэвч төрийн анхаарлаас хөсөр хаягдсан, говийн шаргал элс, сэвэлзүүр салхинаас өөр тэднийг сонсч байгаа зүйл алга. Иймээс л хүлцэнгүй байж ханасан учир эсэргүүцлээ илэрхийлж эхлэх болсон гэдгээ Цэцийн хөдөлгөөнийхөн мэдэгдэж байна. Тус хөдөлгөөний зүгээс Нүүрсний тээвэрлэлт дээр шинэ зохион байгуулалтыг заавал оруулах. Тэр дундаа хилээр шууд гаргах нөхцөлд жолооч нарт хүндрэл чирэгдэл бага учруулах. Эсвэл Тавантолгойн уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад дээр буулгах. Тэндээсээ хилрүү тээвэрлэх зохицуулалтыг хийх. Өмнө нь ийм зохицуулалттай байсан. Гэвч сайжруулна гээд шууд уртын тээвэр хийх болов. Гэвч байдал улам дордлоо гэсэн тайлбарыг өгч байна. Иймээс л тайван жагсаалыг зохион байгуулна гэв.

 

Монгол Улсын хувьд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 15 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм. Нүүрснээс 1 тэрбум 11 сая төгрөгийн орлого олоод байгаа. 2016 оны эхний хагас жилд 7,2 сая тонн нүүрс экспортолж байсан Манай улсын хувьд 2017 онд нүүрсний экспортоо 2 дахин нэмэгдүүлээд байна гэхэд болно. Өмнөх оны нүүрсний үнийг энэ онтой харьцуулахад мөн л 2 дахин зөрүүтэй байгаа. 2016 онд 1 тонн нүүрсийг 30-40 ам долларт борлуулж байв. Харин 2017 онд нэг тонн нүүрсний үнэ 70 ам доллар болж нэмэгдээд байна.

Монгол Улсын хувьд энэ жил 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Гэвч нүүрс тээвэрлэлт дээр дээрх асуудал байсаар байх юм бол энэ зорилт биелэх боломжгүй гэж газар дээр нь байгаа жолооч болон холбогдох хүмүүс тайлбарлаж байна.