З.БОЛД
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил ажиллаад 2014 онд огцорч байлаа. Н.Алтанхуягийг огцруулах саналыг тухайн үед сөрөг хүчин байсан МАН-ынхан өргөн барьсан авч, нэдэр дээрээ АН-ынхан өөрсдөө засгаа унагасан юм.
Тодруулбал, өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад шадарлан суугаа хоёр буюу З.Энхболд нь Н.Алтанхуягийгаа унагаж байв.
Тэгвэл үүнтэй төстэй үйл явц МАН-д өрнөж байна. Гэхдээ сөрөг хүчин нь биш өөрсдөө засгаа унагах бэлтгэлээ хэдийнэ базаажээ. Саналд гарын үсэг зурсан гишүүдийн тоо даруй 30-д дөхсөн мэдээлэл бий. Тэд саналаа хараахан өргөн бариагүй байна.
Харин дараагийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэр тодорч эхэлсэн байна. Эцсийн байдлаар тодорхой болоогүй ч яам бүр дээр хоёр хүний нэрийг хувилбар болгон ярьж байгаа гэнэ. Эцсийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл шийднэ гэсэн үг. Хэн, хэн сайдад яригдаж буйг танилцуулъя.
1. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
У.Хүрэлсүх 1985 онд нийслэлийн 10 жилийн II дунд сургуулийг, 1989 онд БХИС-ийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд ТЗУХИ-ийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ингээд 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал, 1997-1999 онд МАСЗХ-ны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд МАСЗХ-ны ерөнхийлөгч, 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд, 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд, 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаа юм.
2. ШАДАР САЙД
Ө.Энхтүвшин гишүүний хувьд хашир улстөрч. МАН-ын дарга байсан. Туршлага, ноён нуруугаар түүнтэй зэрэгцэх улстөрч цөөхөн гэгддэг.
Б.Чойжилсүрэн энэ Засгийн газрын Сангийн сайдаар ажиллахдаа өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулсан улстөрч. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас эхлээд эдийн засгийн томоохон реформыг маш сайн хийсэн гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг.
3. ЗГХЭГ-ЫН ДАРГА
С.Бямбацогт өдгөө ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байгаа. Өмнө нь МАН-ыг сөрөг хүчин байхад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар маш сайн ажилласан гэгддэг. 2016 оны сонгуулийн дараа Засгийн газраа байгуулахад Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан улстөрч юм.
Ж.Мөнхбатын хувьд өдгөө энэ албыг хашиж байгаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон асуудалд Засгийн газраа сөрж, ард түмний талд зогссон гэж үнэлэгддэг. Мөн 2016 оны сонгуулийн үеэр МАН-ын генсекээр ажиллаж бсйан. Сонгуулийн дараа намын дарга М.Энхболдыг УИХ-ын дарга болоход эрэмбээрээ Ерөнхий сайд руу зүтгэхээр байсан боловч өөрөө нэрээ татсан байдаг.
4. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
Д.Тогтохсүрэн гишүүнийг Өвөрхангайнх гэдгийг нийтээрээ мэднэ. Тэрээр тус аймгийн Засаг даргаар олон жил ажилласан.
Д.Ганболд гишүүн өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байв.
5. САНГИЙН САЙД
Сангийн сайдаар томилогдох хамгийн магадлалтай хүн бол Ч.Хүрэлбаатар гишүүн байна.
Мөн олон удаа Сангийн сайдаар ажилласан УИХ-ын гишүүн Ч.Улааны нэр ч яригдаж байна.
6. ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Ц.Мөнх-Оргил одоогийн хашиж байгаа Гадаад харилцааны сайдаар үлдэх магадлал өндөр. Учир нь энэ албан тушаал Сү.Батболдын фракцын квот юм байна. Хэрэв Ц.Мөнх-Оргил “хөдөлбөл” УИХ-ын дэд дарга болох ажээ.
Д.Цогтбаатар гишүүний хувьд Сү.Батболдын гэх фракцад харьяалагддаг ч мэдлэг, чадвар, боловсролоороо МАН дотроо дээгүүрт бичигддэг улстөрч.
7. ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ яамны сайдаар томилогдох нь гэртээ очиж байгаатай л адил. Олон зүйл ярих хэрэггүй. Гэхдээ түүний “өрсөлдөгч”-өөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр яригдаж байна.
8. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа энэ яамыг толгойлж магадгүй. Гэхдээ өмнө нь энэ яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзоригийн нэр бас яригдаж байгаа ажээ.
9. БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ одоо энэ яамыг толгойлж байгаа. Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх болсон байхад энэ хүн үлдэнэ л гэж үзнэ. Гэвч Ж.Энхбаяр гишүүний хувьд өмнө нь сайдаар ажиллаж байсан. Басхүү удам дамжсан энэ яамтай холбоотой улстөрч тэрээр сайдаар очих магадлал өндөр юм.
10. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Б.Батзориг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байгаад Увсаас сонгогдож эрхэм гишүүн болсон Н.Цэрэнбат нарын нэг нь Барилга, хот байгуулалтын салбарыг удирдах нээ.
11. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД
Хөвсгөлөөс сонгогддог Л.Энх-Амгалан, Хэнтийгээс сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ нарын нэр БСШУС-ын сайдад нэр нь яригдаж байна.
12. ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД
Булганы Ж.Бат-Эрдэнэ гишүүн угаас зам, тээврийн салбарын хүн. Гэхдээ түүнтэй өрсөлдөж Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын нэр яригдаж байгаа ажээ.
13. УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД
Өмнө нь УУ-н дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн одоо сайдаар томилогдох магадлал өндөр. Тэрээр МАН-ын НАМЗХ-ны ерөнхийлөгч юм. Мөн энэ албан тушаалд С.Баярын тохироогоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэр дэвших юм байна.
14. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ яамыг толгойлох хүнээр тодрохыг үгүйсгэхгүй.
Гэхдээ түүнтэй Ерөнхийлөгч Х.Баттулгыг “давж” Баянхонгороос гишүүн болсон Л.Элдэв-Очир өрсөлдөх бололтой.
15. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД
Хувийн нэр хүнд өндөртэй хоёр эрхэм гишүүн Эрчим хүчний сайдад яригдаж байна. Ц.Даваасүрэн гишүүн бол эдийн засаг, дэд бүтэц, уул уурхай гээд ярихгүй, мэдэхгүй сэдэвгүй хүн. Тиймээс түүний үг ард түмэнд аятайхан таалагдаад явдаг. Ж.Ганбаатар ч мөчөөгөө өгөхгүй. Саяхан л гэхэд тойрогтоо өөрийн хөрөнгөөр зам тавьсан гээд урьд өмнө байгаагүй ажил хийсэн эрхэм юм.
16. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
УИХ-ын гишүүн МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд Эрүүл мэндийн салбарыг толгойлбол бодлогын шинжтэй асуудал сайтар цэгцэрнэ гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Түүнтэй хамт Сэлэнгээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нэр Эрүүл мэндийн сайдад яригдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин