Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар буулган 14 хувь болгосноо зарласан. Өмнө нь 8-р сарын 18-нд бодлогын хүүг 4,5 функтаар өсгөж 15 хувьд хүргээд байлаа. Тухайн үедээ бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлж байгаа шалтгаанаа ам долларын өсөлтийг хазаарлах гэж тайлбарлаж байв. Үүнд ч олон хүн итгэж мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм байна гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл өнөөдөр буцаагаад нэг хувиар буулгачихав. Ийнхүү хэлсэн, ярьсан, хэрэгжүүлсэн бодлогоосоо ухарсан Монголбанкны удирдлагыг жиргээчид шоглож, шоолж, даапаалж байна.
Бодлогын хүү гэж юу вэ гэдэгт эхлээд хариулт өгье. Энэ нь арилжааны банкуудын төв банкинд хадгалуулж буй мөнгөн хөрөнгийн хариуд төв банкнаас төлж буй хүүгийн хувь хэмжээ юм.Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ бодлогын хүү багассан байгаа үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бодлогын хүүгийн төвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтоно гэсэн үг. Тэгвэл энэ удаа бодлогын хүүг нэг хувиар буулгаснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, тухайлбал зээлийн хүү буурах уу гэсэн асуулт иргэдэд байгаа юм. Харамсалтай ч эдийн засаг агшиж байгаа энэ үед нэг хувийн бодлогын хүүгийн бууралт төдийлөн далайцтай ажиглагдахгүй. Өнөөдөр дэлхийн улс орнууд бодлогын хүүг 10 хувиас доош барьдаг. Өөрөөр хэлбэл баялаг бүтээгчдээ дэмжихийг илүүд үздэг. ОХУ-д бодлогын хүү 10 байгаа бол , БНХАУ-д 4,5, харин АНУ-д 0,75 хувийн хүүтэй байгаа юм. Бодлогын хүү бага байх тусам зээлийн гарц нэмэгдэж, банкуудаар дамжин зах зээлд мөнгө гарч байдаг нь иргэд , ААН-үүдэд өгөөжөө өгдөг гэж хэлж болно. Санхүүгийн хямралын үед зарим улс оронд бодлогын хүүгээ бүр тэглэсэн туршлага ч бий. Гэвч Монгол банк бодлогын хүүгээ өндөр барьсаар байгаа нь валютын нөөцөө хамгаалах гэж авч хэрэгжүүлж байгаа хялбарчилсан арга гэж тайлбарлаж нэгэн бий. 8 сард бодлогын хүүг өсгөхөд монгол улсын валютын нөөц нэг тэрбум 200 сая ам доллар байсан бол өнөөдөр нэг тэрбум 189 сая доллар байгаа нь нөөцөө тогтоон барьж чадсаны илрэл гэж хэлж байгаа юм.Харин эдийн засагчид бодлогын хүүгээ огцом өсгөж өндөр барьснаар эдийн засагт өгөөжгүй зүйл болсон.Энэ нь ханшийн огцом савлагаа, өсөлтүүдээс харагдаж байсан гэж тайлбарлаж байна. Монгол банкн бодлогын хүүгээ өсгөхтэй зэрэгцээд л долларын ханш дээшээ өсч эхэлсэн. Үүний горыг монгол банкны удирдлага бус бизнес эрхлэгчид үүрч ханшийн зөрүүнд хамаг байдаг хөрөнгөө гөвж байгаа билээ.Уг нь Монгол банк 5,5 хувиар өсгөж болсон бодлогын хүүгээ яг үүнтэй ижил түвшинд буулгаж эдийн засгийг тэлэх бодлого явуулах байсан гэж эдийн засагчид үзэж байна. Ингэж чадсан бол эргээд мөнгөний эргэлт сайжирч бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө нэмэгдэх боломжтой гэлээ. Харин монгол банкны зүгээс дэлхийн эдийн засагт тодорхойгүй олон зүйл байгаа учраас болгоомжтой зөөлрүүлье гэж мэдэгдэж байна.