Ж.МӨНХБАТ: Засгийн газрыг өнөөдөр биш МАН-ын бага хурлын дараа огцруулах эсэхээ шийдэж болно

Ж.МӨНХБАТ: Засгийн газрыг өнөөдөр биш МАН-ын бага хурлын дараа огцруулах эсэхээ шийдэж болно

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болон улс төрд өрнөөд буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд тайлбар өглөө.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах эсэх талаар нэлээн маргаан өрнөсөн гэсэн. Энэ үнэн үү?
-Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйг огцруулах, огцруулахгүй асуудлаар хоёр хуваагдсан гэдэг ташаа мэдээлэл яваад байна. Хурал дээр ямар асуудал болсон гэхээр “60 тэрбумын” асуудлаар Ц.Сандуй мэдээлэл өгсөн. Ийм учиртай гээд. Тэгээд ер нь “60 тэрбумын” асуудалтай холбогдуулан хариуцлагыг бүгд цаашид ярих цаг болжээ гэсэн асуудал хөндсөн.  “60 тэрбумын” асуудалд эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа, ойрын хугацаанд шийдвэр нь гарах байх. Энэ шийдвэр гарсны дараа нэг тийш нь болгож ярьсан нь зөв. Түүнээс өмнө ямар нэгэн мэдээлэл өгөх нь буруу юм гэсэн зүйл л ярьцгаасан.

-Удирдах зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гаргасан юм бэ?
-Намын Удирдах зөвлөлийн хурлаас гурван асуудлаар зарчмын шийдэл гарсан. Үүнд, нэгдүгээрт хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хоорондоо уулзаж, ярилцаж, учраа ол гэсэн. Хоёрдугаарт,  МАН-ын бага хурлыг есдүгээр сарын 10-ны үеэр зохион байгуулъя гэж тогтсон. Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцорно гэсэн асуудал байхгүй гэдэгт санал нэгдсэн гэлээ. Ийм л шийдвэр гаргасан. Үүнийг л янз бүрээр тайлбарлаж, буруу ташаа мэдээллээд байна. Шударга юм шударгаараа байх хэрэгтэй. Яагаад намын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа юм гээд олон асуудал бий. Гэхдээ энэ бүгдийг бид тогоон дотроо ярилцах ёстой.

- Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээллийг бол авсан. Тодорхой нэр бүхий гишүүний бланк дээр нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулаад явж байгаа юм билээ. Энэ нь юутай холбоотой үүсч байна гэхээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, үүнээс шалтгаалж байна гэж ярьж байгаа. Гэвч үнэндээ энэ бол нам доторх улс төрийн нөхцөл байдлын сэжүүр цухуйж байна гэж ойлгож байгаа. Миний ойлголтоор МАН-ын Бага хурал ирэх сарын 10-ны үеэр болж, намын Их хурал 10 сарын сүүл, 11 сарын эхээр хуралдах болов уу. МАН-ын дүрмээр намын Их хурлаар шинээр гарч ирсэн намын удирдлага, бүрэлдэхүүн Засгийн газар, УИХ-аа эмхлэн зохион байгуулаад явах бүрэн эрхтэй. Зарчмын хувьд ч, улс төрийн соёлын хувьд ч нээлттэй байдаг. Нэг, хоёр сарын дараахан асуудал шийдэгдэх гэж байхад Засгийн газрыг яаран огцруулах гэж ийм алхам хийж байгаа бол цэвэр улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл гэж харж байна.
Өвөлжилтийн бэлэн байдал хүндэрсэн, өвөлжилтийн бэлтгэлийг яаралтай зохион байгуулах шаардлагатай, хичээл сургуулийн шинэ жил эхлэх дөхсөн, ургац хураалт эхэлж байна гээд Засгийн газарт хийх ажил их байна. Энэ ажлуудаа хийгээд явж байна. Үүний хажуугаар Засгийн газар огцорч, төр засаг тогтворгүй болно гэдэг бол улс орны амин чухал, тулсан асуудалд халтай зүйл болох болов уу.

-МАН-ын Их хурлаас өмнө УИХ-аар Засгийн газрыг огцруулах асуудал шийдэгдчихвий гэсэн болгоомжлол байна?
-Засгийн газраа огцруулъя гээд өргөн барьдаг нь болдог л үйл явц. Гэхдээ МАН-ын үед Засгийн газрыг огцруулах асуудал ярьж, өргөн барьж байсан тохиолдол ховор. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг С.Баярын Засгийн газраар сольсон шалтгаан нь С.Баяр намын дарга болсонтой холбоотой. Дараа нь С.Баярын Засгийн газрыг С.Батболдын Засгийн газраар сольсон нь С.Баяр биеийн байдлаас шалтгаалж өөрийн хүслээр үүрэгт ажлаа өгч байсан. Үүнээс өөрөөр МАН-ын үед Засгийн газрыг огцруулж байсан тохиолдол байхгүй. Өөр улс төрийн хүчний үед Засгийн газраа огцруулах, асуудлыг өргөн барих гээд тохиолдлууд байдаг байсан.
Энэ асуудлыг улс төрийн шийдвэрээр шийддэг. Өнөөдрийн байдлаар өргөн баригдаагүй байна. Хэрэв өргөн баригдвал хуулийн дагуу үйл явц шат дараатай явна. Эхлээд бүлэг хэлэлцэнэ, эцэстээ туллаа гэхэд УИХ дээр кнопоор шийдэгдэнэ.  

-Зарим гишүүд Засгийн газар хангалтгүй ажиллаж, хоорондоо ойлголцож чадахгүй байна, хоёрдугаарт сонгуулийн ялагдлын хариуцлагыг Засгийн газар үүрэх ёстой гэсэн үндэслэлүүдийг ярьж байгаа л даа?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол онцлогтой. Энэ бол УИХ-ын сонгууль биш. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулагддаг. Ерөнхийлөгчийн сонгууль өөр үр дүнтэй, өөр үүрэг хариуцлагатай. Засгийн газар хангалтгүй ажиллаж байна гэдэгт би санал нийлэхгүй. Хангалттай сайн ажиллаж байгаа. Ямар хүнд нөхцөлтэй эдийн засгийг бид жилийн өмнө хүлээж авсан билээ. Өнөөдөр эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй болчихсон байна. Сүүлийн 4-5 жил бүрдэж байгаагүй төсвийн орлогыг 500 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд бүрдүүлэлт хийчихээд явж байна. Улс орны өмнө тулгамдсан байсан томоохон өр төлбөрүүдийг барагдууллаа. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын асуудалд зохицуулалт хийж, Чалкод төлөх 170 сая ам.долларын өрийг зургаахан сарын дотор төлж барагдууллаа, ам.долларын ханшийг буулгалаа гээд яривал олон зүйл бий. Засгийн газрыг огцруулах хэдэн үндэслэл гэдэгт татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан зэрэг асуудлыг тавьсан байна гэж сонссон. Энэ бол Засгийн газраас гаргасан шийд биш. Намын бүлэг дээр дөрвөн удаа яриад олонхоороо шийдсэн. Татвар нэмэх, хүүхдийн мөнгө бууруулах зэрэг эцсийн шийдвэрийг Засгийн газар биш УИХ гаргадаг. Гарын үсэг цуглуулж яваа хүмүүс өөрсдөө зөвшөөрч, дэмжиж кноп дарж шийдэж байсан. Хамтын шийдвэр дээр хамтын хариуцлага хүлээдэг нь ардчиллын зарчим. Тэгэхээр Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш шалтаг гэж хандаж байна гэж би ойлгосон. Төр засгийг заавал бужигнуулаад, дотроо хагаралдаад байх хэрэггүй гэж бодож байна. Хоёрхон сарын дараа болох намын Их хурлаар шинэ гарч ирэх намын удирдлагууд нь ямар зарчмаар ажиллаж, Засгийн газраа ямар бүтцээр ажиллуулахаа шийдэх эрхтэй.
 
 Тэмдэглэсэн Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
эх сурвалж: Монцамэ