МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдсан бэ? Ялагдалд хүргэсэн гол шалтгаанууд юу байв? Олон шалтгаан бий ч, тоймтой хэдийг нь хэвлэлүүд онцолж байна. Засгийн газартай хариуцлага ярьдаг сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль биш. Монгол Улс 1992 оноос хойш зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хийсэн. Ялагдсан тал нь Засгийн газартайгаа байтугай, УИХ дахь бүлэгтэйгээ хариуцлага тооцож байсан удаагүй. Тооцох ч учиргүй.
Засгийн газар, УИХ-ын бүлэгтэй хариуцлага ял, гавьяа ярьдаг нь УИХ-ын сонгууль. УИХ-ын сонгуулийн дүнгээр Засгийн газрыг байгуулдаг юм. Энийгээ ялгаж сурсны дараа улс төр хиймээр. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Н.Багабанди ялсан. Тэглээ гээд тэр үеийн эрх баригчид Засгийн газартайгаа хариуцлага ярьж, огцруулж байгаагүй. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л цөөнхөөс буюу Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад АН-ын эвсэл буруутан болгож Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаагүй юмдаг.
Энэ түүхийг Баабарын онцолж жиргэснээр “Онгойж магадгүй суудал хараад дуугарч эхэлжээ” гэх У.Нямдорж гишүүн сайн мэднэ дээ. Улс төрийн соёл, шүүхийн парктик хоёрт жишиг гэж нэг том ойлголт бий. Энэ нь өмнө нь бий болсон нэг удаагийн сайн, муу жишээг цаашид жишиг болгон хэвшүүлэх тухай юм. АНУ-ын Тангарагтны шүүх зарим онцгой хэргийн урьдын жишгээр шийддэг. Улс төрийн соёлд нь ч ийм түүх нэлээд бийг Харвард төгссөн гэх хүмүүс мэдэх л байх.
Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын буруутан гэж огцруулбал цаашид Монголын улстөрд ийм жишиг тогтоно. Ингэснээр сонгуулийн нэгэн цикль буюу 4 жилийн хугацаанд Засгийн газрыг огцруулдаг, шинээр байгуулдаг хоёр сонгуультай болно. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль бүрээр Засгийн газрыг өөрчилдөг жишиг тогтоно.
Одоо манайд УИХ-ын сонгуулиас нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа. Тэгвэл УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаараад ганцхан жилийн настай байх нь. Дөрвөн жилд хамгийн багадаа хоёр Засгийн газар солих нь. Ийм муу жишгийг эхлүүлсэн УИХ муу нэртэй л үлдэнэ.
Засгийн газрын ямар шийдвэр нь ялагдалд хүргэснийг өнөөх шалтаглагчид “Долоон төрлийн татварыг нэмсэн, хүүхдийн мөнгийг болиулсан, дэд сайд нар томилсон гэх байх. Хариуцлага ярих гэж байгаа бол бүх төрлийн татварыг нэмэх, хасах эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг. ОУВС-гийн хөтөлбөр дор долоон төрлийн татварыг нэмэх эцсийн шийдвэрийг УИХ, тэр дундаа МАН-ын бүлгийн 65 гаргасан.
Хүүхдийн мөнгийг болиулах, эс болиулахыг мөн л УИХ шийдсэн. Улсын төсвийг УИХ л батлах эрхтэй. Хэрвээ долоон төрлийн татварыг нэмэхгүй, хүүхдийн мөнгийг болиулахгүй гэж УИХ үзсэн бол Засгийн газар тэнд мянга орилоод нэмэргүй. Зүйрлэхэд буруу эмчилгээ бичиж өгсөн эмч нь эмнэлгийн дарга болж, эмчийн бичиж өгсөн буруу тариаг тарьсан сувилагч нь хариуцлага хүлээхийг шударга ёс гэхгүй. Дэд сайд нарын томилгоо ч МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэр. Удирдах зөвлөл дээр бүр санал хурааж, өрөслдүүлсэн санагдана.
УИХ-ын гишүүн Гантулга яг сонгуулийн үеэр хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл, ядаж байхад эрхэм гишүүн энэ тухайгаа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж чадсан нь М.Энхболдын ялагдалд нэмэр болсон. Яагаад заавал Гантулга, яагаад Хэнтийн тойрог гэхээр “Топор” ажиллагааны хоёрдугаар анги ч юмуу гэмээр. Үйл явдлыг харвал У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох бэлтгэлийг эртнээс эхэлсэн болохоо Херо Баатар ярианы бичлэгтээ дурдсан байдаг.
Санасан албан тушаалдаа очлоо гэхэд УИХ-ын гишүүн бус Ерөнхий сайд хүчгүй. Иймд Гантулгыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлнэ. Нөхөн сонгуульд нь У.Хүрэлсүх нэр дэвшинэ, ялна гэж тооцсон юм уу гэмээр. Тийм учраас УИХ-ын Гантулга ч бас хариу нүүдэл хийж, Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхдээ “Ер нь манай Хэнтийхнийг ийм хэрэгт холбогддог, У.Хүрэлсүх төдөн онд яалаа, Оюун-Эрдэнийг бас яалаа” гэж хэлж байгаа харагдсан. Гэвч гишүүн Гантулгыг ингэж хэлсэн, хэлээгүй, У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд болсон ч Хэнтийд нөхөн сонгуулийн орон гардаг юм бол тэнд ялахгүй.
Б.Гантулгыг гишүүнээс татаад нөхөн сонгууль хийдэг юм бол тэнд Н.Энхбаяр ялна. Түүний нэр дэвших, сонгогдох эрх Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн долдугаар сарын 1-нээс сэргэсэн. Ээжээрээ буриад цустай Н.Энхбаяр УИХ-д орж ирснээр МАХН-ын хоёр /О.Баасанхүү/ онь холбож улстөр илүү сонирхолтой болно доо. Түүнийг УИХ-д орж ирэх, Хэнтийд нөхөн нэр дэвших бэлтгэлийг МАН-ынхан хийгээд завгүй.
Н.БАЯР
Эх сурвалж: medee.mn