Одоогоос 11 жилийн өмнө улс төрийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс ч халуун байлаа. Парламентад суудалтай бүх нам нийлээд Их эвслийн Засгийн газар байгуулчихсан, Монгол орны төр хөл, толгойгоо мэдэхээ байчихсан үе. Гаргасан, хийсэн бүх зүйл ард түмний эсрэг чиглэж, банкууд, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурч улстөрчидөөс хамааралтай хямралд нэрвэгдээд байв. Яг өнөөдрийнх шиг улстөржилт, улстөрчөөс хамааралтай хямралд орчихсон байсан гэсэн үг.
Тэр их халууныг ганц л үйл явдал нам дарж байв. Тухайн үед буюу 2006 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахад кноп дарж өөрийн намынхаа эсрэг илтэд ажилласан гэж М.Энхсайхан, Ж.Наранцацралт асан, М.Сономпил. Батхуяг, Ц.Цолмон нарыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан хөөж байсан. АН-ыг ингэж дөрвөн гишүүнээ хөөх тэнэг шийдвэр гаргана гэж төсөөлөх ч үгүй байсан үе. АН энэ шийдвэрийг гаргаснаараа бусад түгжилүүдийг нам дарж, намаа нэг мөр цэвэрлэж авсан түүхтэй. Нам түгжилгүй бол төр түвшин байдгийг түүнээс хойш Монголын ард түмэн биеэрээ мэдэрсэн. Ер нь 2006 оноос хойш байгуулагдсан Засгийн газар түгжилүүдийн савалгааг дагаж ганхаад байхаа ч больсон түүхтэй.
Харин 11-хэн жилийн дараа МАН-д ийм явдал давтагдана гэж хэн санах билээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нэг биш хэсэг бүлэг хүн гарч ирлээ. МАН-д бүхэл бүтэн фракц нь өөрийн намынхаа эсрэг илтэд ажиллалаа. АН-ын жишгээр бол Хүрэлсүхээр толгойлуулсан зүүний хүчний холбооныхон фракциараа МАН-аас хөөгдөж шившигээ дэлгэх увайгүй үйлдэл гаргачихаад байна. Харин М.Энхсайхан, Ж.Наранцацралт асан, М.Сономпил. Батхуяг, Ц.Цолмон нараас У.Хүрэлсүх сүйхээтэй юм. Шадар сайдын суудлаараа шоу хийж шударга имижийг олж авахыг хичээж эхэлсэн байна. Гэхдээ МАН-аас урвасныхаа төлөөсөнд үүнээс ч ихийг тэр өгөх ёстой. У.Хүрэлсүх Шадар сайдын албанаасаа биш МАН-аас явах ёстой. Зөвхөн Хүрэлсүх ч биш Зүүний хүчний холбооныхон тэр чигээрээ явах ёстой. Гэтэл түүнд МАН-аас явах бодол огт байхгүй байгаа нь хачирхалтай. Харин ч одоо зольж байгаа Шадар сайдын суудлаа Ерөнхий сайдынхаар сольж МАН-ын даргын тамгыг атгахаар санаархаж байгаа нь МАН-ын 250 мянган гишүүнийг дэндүү элэг барьж, доромжилсон хэрэг биш үү.