Шадар сайд асан У.Хүрэлсүхийн буянаар Топор гэж шинэ үг моодонд орж урвагч, бусдын гар хөл бологсдыг ийн нэрийдэх болсон. Ямартай ч Монголд ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө умартсан “тэмцэгч” цөөнгүй бий. Тэд мэдэгдэл гаргана, суулт зарлана, жагсаал хийнэ, аймшиггүй зоригт лоозонгууд дэвшүүлнэ. Тэгээд ч гуравхан сая хүнд танигдах шиг хялбар зүйл үгүй тул төр рүү дайралтаа хийж, хэвлэлийнхнээр бүчүүлсээр олон түмний аврагчийн дүрд хялбархан оччихдог. Харин тэдний энэ тэмцэл ихэнхдээ дөрвөн жилийн давтамжтай байдаг нь сонин. Яг сайхан дөрвөн жил тэмцэж байгаад “Одоо би та нарыг төлөөлнө” гээд л олны сонголтыг авчихсан жишээ олон. Ингээд өчигдөрхөн гудамжинд шуугиан дэгдээж байсан галтай тэмцэгч нар маргааш нь бөөнөөрөө Төрийн ордонд тухалж байсан тохиолдол ч байгаа.
Тэгвэл 2016-2020 оны хооронд “тэмцэх” баатрууд ар араасаа гарч ирсээр байна. Тэдний нэг нь Б.Жагар. Энэ залуу хувьдаа “Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”, “Хариуцлага нэхэх иргэдийн хөдөлгөөн” зэрэг хэд хэдэн ТББ-тай. Уг нь байгалиа хамгаалж, олон нийтийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд мэт. Гэвч түүний тэмцэл зохистой агуулгатай байсангүй.
Цаг ямагт төр, засаг руу дайрч, Туулыг хамгаалахад залуусыг нэгтгээгүй хэрнээ дарга нарыг цуглуулж, шаардлага тавих нэрээр загнах сонирхолтой гэж бодогдох аж. Хамгийн анх тэрбээр УИХ-ын гишүүдийг сорилтод дуудаж олны анхаарлыг татаж байв. Энэ оны нэгдүгээр сард Б.Жагар хэвлэлээр дамжуулан “Цэвэр ус- Цэвэр Туул” нэртэй хандтвын аян хийж буйгаа мэдэгдэж, УИХ-ын гишүүдийг нэр заан үүндээ дуудаж эхэлсэн. Гэхдээ зорилго, чиглэл нь тодорхойгүй энэ аянд үнэмшилтэй зүйл байгаагүй. Харин тэрбээр түүний хандивын аянд нэгдээгүй түшээдийг цоллож, цохож байсан нь олны эгдүүцлийг хүргээд авсан.
Энэ үеэр тэрбээр хэвлэлд ярилцлага өгсөн ба үүндээ нийслэлийн өнөөгийн удирдлагуудыг шууд буруутгаж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхэд сэтгүүлч түүнээс яагаад шууд буруутгаж байгааг асуухад тоймтой зүйл хэлээгүй ямар ч гэсэн өнөөгийн дарга нар л буруутай гэж байв.
Удалгүй түүний энэ тэмцэл “Хариуцлага нэхэх иргэдийн хөдөлгөөн” гээчээр илэрсэн. Уг нь иргэд эрх ашгийнхаа төлөө тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхтэй. Үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байгаа. гэхдээ Б.Жагарын хөдөлгөөнд энэ эрх арай давуу олгогдов уу, яав. Учир юу гэвэл мань эр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа НИХТХ-ын даргыг огцруулахаар төв талбайд жагсаал зохион байгуулсан. Улмаар жагсаал хүчээ авч, НЗДТГ руу хүчээр орохыг оролдсон. Гэвч төрийн хамгаалалтад байх учиртай энэ обьектыг хамгаалахын тулд тэднийг дотогш нэвтрүүлээгүй. Үүнд нь уурссан Б.Жагар тамгын газрын хаалгыг эвдэлж танхайрсныг олон нийт санаж байгаа биз ээ. Гэтэл тэрбээр энэ үйлдлээ зөвтгөхийн тулд “Би зүгээр зөөлөн тогшсон” гэж мэдэгдээд олны доог болж байлаа.
Эдгээрээс харахад, Б.Жагарын үйлдлүүд олон нийтийн эрх ашгийн төлөө гэхээс илүүтэй эрх баригч намыг буруутгаж, харлуулах гэсэн сөрөг хүчний явуулга гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр Б.Жагар гээч нь мөнөөх жижиг “Топоор”-уудын нэг гэдэг үнэн бололтой.