Монголчууд ер нь их мартамхай улс. Тийм ч учраас иргэдийнхээ оюун санаагаар улстөрчид нь тоглоод гаршчихсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ялангуяа улс төрийн ууган хүчин МАН-ын хуучны кадрууд бол бүр л сурамгай болчихсон нь тус намд өрнөөд байгаа “Топор”, “Халиар”, “60 тэрбум” нэртэй ажиллагаанууд юм. Намынхаа дотоод асуудлыг тогоон дотроо шийдэж чадахаа байсан энэ нам сошиал ертөнцөд мөнгө цацаж, жиргээчдийг шуугиулж, жирийн иргэдийг талцуулж байна. Өнөө цагт өрнөөд байгаа энэ бүхэн бол үнэндээ МАН улс төрийн сонгуульд ялсны дараа байнга болдог үзэгдэл юм.
Хэдий М.Энхболдоо сайн муугаар дууддаг ч, түүний удирдаж орсон сонгууль бүрт МАН ялалт байгуулж ирсэн нууц биш. Харин ялсаных нь дараа суудлыг нь авна гэж зүтгэдэг нь гэм биш зан болчихсон байна. “Элсний 13” гэгдэх нөхөд гарын үсэг зурж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга М.Энхболдоо газрын наймаачин, хулгайчаар нь дуудаад л огцруулж байсан. Тухайн үед М.Энхболд намаа ялуулчихсан, бас улс төрийн хүчнүүдийг нэгтгэсэн Засгийн газрыг удирдаж байсан нь үнэн.
Ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь ч эдэлнэ гээд С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан түүх саяхан даа. Харин тэрээр эр хүний буурь, улстөрч хүний холч, голч ухаанаар ажлаа өгсөн юм. Тэгээд энэ нам юу хожсон бэ гэвэл алдарт Оюутолгойн гэрээг Таван толгойн төсөлтэй хөдөлгөсөн дөө. Өнөөдрийг хүртэл энэхүү гэрээг тойрсон хэрүүл тасраагүй л байна.
Араас нь өрнөсөн үйл явдал бол 2008 оны долдугаар сарын 1, 2012 оны УИХ, орон нутгийн сонгуулийн үйл ялагдал. МАН-ыг энэ үед С.Баяр, У.Хүрэлсүх нар удирдаж байсан. Тэд нам нь сонгуульд ялагдсаны бурууг хүлээж огцорсон ч УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр гишүүдээ ялгаварлан гадуурхаж, өөрийн хүмүүсээ улстөрд хүч түрэн татаж оруулсан. Харин намын төлөө зүтгэсэн нөхдөө жийсэнээс ялагдал амссан.
Тухайлбал Ш.Сайхансамбуу гэхэд л Завханд нэр дэвших квотоо авч, Нарантуул захын эзний хувьд бараг л нэг тэрбум төгрөг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхдээ тушаасан байдаг. Харин тэрээр удирдах зөвлөл хуралдах үеэр Ш.Сайхансамбууг мурьж, архи уугаад гадуур давхиж байсан Д.Балдан-Очир гишүүнийг чангааж татаад дэвшүүлсэн байдаг л юм. Ингэснээр МАН улаан гэгддэг Завхан аймгийг цэнхэртүүлэх ажлыг У.Хүрэлсүхийн “ачаар” эхлүүлсэн байдаг. Аргаа барсан Ш.Сайхансамбуу “жирийн гишүүдээ мэхлэдэг та нар хэн бэ, буудна шүү” гэж Тусгаар тогтнолын ордоныг багагүй тэвдүүлсэн нь үнэн түүх.
Түүнчлэн Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд С.Тэнгэр гэгчийг саунд сууж байхад нь гэнэт суга татан авчирч Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлж байсан гээд У.Хүрэлсүхийн хийсэн болчимгүй алхмууд их. Сонгуулийн ялагдлын дараа тэрээр Ардчилсан намын гишүүн Г.Баярсайханыг заамдаж, Төрийн ордонд танхайрсан бичлэг ч өнөөг хүртэл бий. Эхнэрээ өвдсөн гээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан тэрээр буцаж ирэхдээ Шадар сайдын суудалд сууна гэж хаалга тогшин гүйж явсныг намын нөхөд нь ч хэлдэг. Эр хүний зангаргаас харвал У.Хүрэлсүхийг унаж, босч явахад нь М.Энхболд гэдэг хүн уул шиг түшиг болж явсныг ч олон хүн ярьдаг юм.
2016 оны сонгуульд нэр дэвшээгүй У.Хүрэлсүх М.Энхболдод эрхэлж, намын сонгуулийн ажилд оролцох нь битгий хэл “Андууд” хамтлагийнхаа уран бүтээлийг туурвиад гүйж байсан. Ялалтын дараа би “Шадар сайд” гээд гүйгээд ирсэн нь ч үнэн л дээ. Харин тэрээр “М.Энхболдоо чи зайл аа” гэж хэлэх нь нөхөрлөсөн андаа “Түгжил”-дэж байгаатай адилхан сонсогдсон гэж МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд шүүмжилж байна.
2012 оны сонгуульд МАН ялагдах болсон бас нэг том шалтгаан нь нэрээ солисон явдал байлаа. Тэр бүү хэл намаа хоёр хуваах шийдвэрийг У.Хүрэлсүх гардаж, өөрийн эртний өстөн Н.Энхбаярын оймсыг гозолзуулахад Ц.Нямдоржтой нийлэн гарамгай гавьяа байгуулсан гэгддэг. МАН-ын дарга М.Энхболд 2016 оны сонгуульд МАХН-тай хамтран орох яриа хэлэлцээ хийж байсныг ч дээрх нөхөд таслан зогсоож, дангаараа орох шийдвэрийг гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн явсан газар бүрт хагарал, бутрал, тэмцэл, хуваагдал үүсдгийг аль 2004 оноос хойш МАН, МАХН-ын хууччуул хэлдэг юм.
У.Хүрэлсүхийн өнөөгийн гаргаж байгаа үйлдэл нь ирээдүйн албан тушаалд шунасан гаргалгаа төдийгүй ихийг авах мөрөөдөл бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд багтаж, намынхаа эсрэг хүчтэй ажиллаж, Херо Баатарыг мөнгөөр угжсан түүнд “Эх оронч” дүр зүгээр л шоу юм.
Нөгөө талаар 2016 оны сонгуульд тус нам УИХ-д 65, НИТХ-д 34 суудал авсан нь ч энэ хагарлыг даамжруулж байна. Хэнтий аймгаас сонгогдож, Төрийн ордонд дотуур хувцас, хүүхэн шуухан ярьсан Д.Гантулга гишүүн, нутагтаа очиж бохь зажилж, гаднынхандаа гар барихдаа утсаар ярьж, сонгогчдоо зандардаг Н.Амарзаяа гишүүн гээд МАН-ын нэр хүндийг шороотой хутгаж байгаа нөхөд байхад мөнгө, эрх мэдлийн төлөө гүйж байгаа Ж.Энхбаяр, Я.Содбаатар зэрэг “Топор”-ын багийнхан буюу МАН-ын Зүүний хүчний холбооныхон байна. Тэд ялсан намын эрхийг атгаж, ялгуусан баатрын дүрд тоглож, хот, засгийн эрхийг атгаад 2020 оны сонгуулийн өмнө гадаад руу зугтах л тактик барьж байгаа юм.
Анзаараад байхад Ц.Сандуй гэдэг муу дүртэй, У.Хүрэлсүх гэдэг эх орончтой болсон мэт иргэдэд ойлгуулахыг оролдоод байгаа бололтой. 60 тэрбумын бичлэг гэгчээр Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын бантсан үйлдэл, түүн дээр тулгуурласан “Топор”-ын багийн шунал. Ямар сайндаа дараагийн засгийн сайд нарын нэрс тодорч, хотын удирдлагуудын нэрс нь гарах вээ дээ.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засаг үнэхээр муу ажиллаад байгаа юм алга. С.Батболдын тэргүүлсэн хот ч ажлаа хийхгүй гараа хумхиад суусангүй. Ц.Сандуйгийн тэргүүлсэн Нийслэлийн МАН-ын хороо энэ залуугаар удирдуулаад дөрвөн сонгуульд ялж, нэг сонгуульд ялагджээ.
Ц.Сандуйгаар туг тахивал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Нийслэлийн Засаг дарга, С.Амарсайхан буюу АН-ын гишүүн С.Отгонбаярын дүү НИТХ-ын дарга болно гээд НИТХ-ын төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж байна. Ард түмнээ бодсон эх орончдын цаад дүр нь нэг иймэрхүү.
Ялагдсан дээр нь навс дараад авна гэдэг МАН-ын социализмын үеийн арга барил л өнөөдөр дахиад хэрэгжээд байна. Мэдээж тэр 60 тэрбумын асуудлаар хуулийнхан шийдвэр гаргах байх л даа. Түүнээс урьтаж намын нөхрөө шүүх гээд байгаа нь шунаж очих зөөлөн суудал руугаа яарсных. Яагаад гэвэл эрх мэдэлд хүрсэн энэ намын УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчийн тоо 100 болчихоод байна. Тэд зуугуулаа сайд юм уу, дарга болох, эс бөгөөс эхнэр хүүхдээ шахах, үгүй бол тендер идэх гэсэн шуналаасаа үүдээд гарын үсэг зурж, засаг огцруулах тухай ярьж байгаа юм. Олуулаа болохоороо АН-ынхан хийж бүтээгээд, өөрчлөлтийг эхлүүлэхийн төлөө явдаг бол МАН-ынхан олдоод ирэхээрээ “Өлөн чоно шиг” төрийн эрх мэдэл рүү шунаж байна. Тиймээс ч М.Энхболд гэдэг хүний байр суурийг иргэд илүүтэй хүлээж сууна. Учир нь тэр намаа ялалтад хүргэсэн. Ялагдалд ч бас хүргэсэн. Яаж нэгтгэх вэ гэдэг нь хоёр дахь удаагаа МАН-ыг удирдаж байгаа түүний ухаанаас хамаарна.