УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр хүчингийн хэрэгт холбогдож дуулиан тарьж байсан. Тухайн үед 25 настай хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа энэ тухай мэдээллийн олон нийтэд өгснөөр эрхэм гишүүний энэхүү хэрэг ил болж эхэлсэн билээ. Болсон явдлыг тодруулбал, зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга хэсэг найзын хамтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Энканто спорт цогцолборын саунд сууж байгаад иргэн Ц-ийнд хоносноор эл хэрэг явдал болсон аж.
Хэдийгээр Д.Гантулга энэ үйл явдал огт болоогүй гэж мэдээлж байгаа ч хохирогчийн талаас нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад хангалттай гаргаж өгсөн ч хэргийг хэрэгсэхгүй болж биднийг хохироолоо гэх мэдээллийг олонтаа хийж байсан. Тухайлбал, хохирогч бүсгүй хэргийн газраас анх эд мөрийн баримт болгон өөрийнхөө дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн ч үүнийг нь устгаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хэмээн хохирогчийн эгч Ч.Саранзаяа мэдээлэл хийж байсан. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүний захиалгаар эд мөрийн болон нотлох баримтыг устгаж, хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг АТГ-т өгч байгаа юм. Тухайлбал, зургаадугаар сарын 12-ны өдөр энэ хэрэг үйлдэгдсэн. Тэр өдрөө цагдаад мэдэгдсэн. Хэргийн газраас ор хөнжлийн даавуу болон дүүгийн дотуур хувцсыг авч шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариугаар эр бэлгийн эс илэрсэн. Гэвч шинжилгээний хариу гарсан өдрөө буюу зургаадугаар сарын 15-ны өдөр шинжилгээ хийсэн эмч Даваасүрэн ажлаасаа чөлөө авч, оронд нь Оюун гэх эмч томилогдож ажилласан байдаг. Бидэнд ирүүлсэн мэдээллээр эр бэлгийн эс илэрсэн гэх шинжилгээний хариуг арилгаад, доор нь өөр мэдээлэл тавьсан байсан. Тиймээс шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас эд мөрийн баримтыг устгасан, хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүссэн” хэмээсэн юм. Юутай ч бүтэн гурван сар нэг нь хийсэн, нөгөөх нь хийгээгүй хэмээн маргалдсан ч дээрх хэрэг замхарч хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Тэгвэл тэгтлээ их сүр дуулиан болж байсан энэ хэрэг яагаад намжив, үнэхээр Д.Гантулга энэ асуудалд холбогдолгүй байсан юм бол яагаад УИХ-ын гишүүний нэр хүндэд халдав гэсэн олон асуулт байна. Ямартай ч хохирогчдын зүгээс эцсээ хүртэл явж, үнэн мөнийг тогтоолгоно хэмээн өдөр шөнөгүй мэдээлэл хийж ард олноор эвийлүүлж байсан эгч дүүс яагаад одоо нам гүм болов зэрэг асуулт ч хөвөрсөөр байна.
Саяхнаас таагүй асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн нэр холбогдоод байгаа хэргээ хууль хяналтын байгууллагуудаар шийдүүлж нэр төрөө сэргээхээр болсон тухайн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөврөх болсон. Энэ талаар гишүүний ажлын албаныхнаас тодруулахад "Тийм зүйл байхгүй худал мэдээлэл цацагдсан байна" гэсэн тайлбарыг өгч байв. Уг нь тэрбээр зоригтойхон алхам хийж энэ хэргийг эцэслэн шийдэх боломж байсан ч тэгсэнгүй. Учир нь түүний холбогдсон энэ хэрэг түүнийг насан туршид дагалдаж хар данстай нэгэн болно гэдгийг тооцоолоогүй бололтой. Хэдийгээр хэрэг нь ямар нэгэн шалтгааны улмаас хэрэгсэхгүй болсон ч гэлээ тэрбээр УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хариуцлагаа хүлээж ард түмнээсээ ядаж уучлалт гуйх ёстой. Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг Ёс зүйн дүрэмд нь ч тусгасан байдаг. Тэгвэл үе үеийн парламентад хууль баталдаг мөртлөө хуулиа сахиж мөрддөггүй, хариуцлага хүлээж чаддаггүй, ёс зүйн чадамжгүй, гишүүний бүрэн эрх дор нуугдсан гишүүд энэ мэтээр хариуцлагаас бултаж гишүүнийхээ бүрэн эрхийг эдлээд байвал хэдэн хүний амьдрал хохирч өөрсдийгөө хэрэг хийгээгүй мэтээр тайлбарлах бол гэдэг нь хачирхалтай. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцох уу гэж асуумаар байна.
Эх сурвалж: Өглөөний сонин