Засгийн газрыг огцруулах саналыг өнөөдөр өргөн барилаа. Эндээс зарим зүйлс тодорхой болов.
Тухайлбал:
Засгийн газрыг огцруулах саналд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Үлдсэн 35 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа бололтой. УИХ-ын 76 гишүүний олонхи болоход 39 кноп хэрэгтэй. Тэгэхээр гарын үсэг зурсан гишүүд ямар ч тохиолдолд АН-ын бүлгийн дэмжлэггүйгээр санасандаа хүрч Засгийн газрыг огцруулах боломжгүй нь харагдаж байна.
Энэ тохиолдолд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцрох, эс огцрох хувь заяа АН-ын бүлгийн гарт ирлээ. Санаачлагч нь МАН-ынхан өөрсдөө, хэрэгжүүлэгч нь АН-ын бүлэг болж таарч байна. Ингэснээр 65 суудалтай эрх баригч МАН-ын Засгийн газар 9-хөн суудалтай АН-ын бүлгийн барьцаанд бүрэн орлоо.
Хэрвээ Засгийн газар огцруулбал гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчинтэйгээ нэгдэж, АН-тай нийлж өөрийн намын Засгийн газраа унагасан улс төрийн "урвагчид" болж хувирна. Энэ нэр хоч УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихэд нам дотроо, дэвшсэний дараа ард түмний дунд ч яригдах биз ээ. Өнөөдөр гарын үсгээ зурсан гишүүд УИХ-ын даргаа ирэхийг, сарын дараа болох намын их хурлаараа намын даргаа сонгохыг хүлээж чадахгүй, яагаад яараад байна вэ?
Үйл явдлаас харвал гарын үсэг зурсан гишүүд АН-ын бүлэгтэй үгссэн байх магадлал харагдав. Өөрийн намын дарга нь УИХ-ын даргаар ажиллаж байхад түүнийг эзгүйчлэв. Хугацаа нь эзгүй үетэй нь таарсан байлаа гэхэд 65 хүнтэй өөрийн намын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга байсаар байхад сөрөг хүчний квотоор сонгогдсон дэд даргад саналаа өргөн барьсан нь тэднийг АН-ын бүлэгтэй нэгдсэн, цаашдаа ч хуйвалдахыг харуулж байна.
Засгийн газрыг огцруулах, огцруулахгүй санал дээр МАН-ын 65 гишүүн хоёр хуваагджээ.
Гарын үсэг зурсан гишүүд АН-тай үгсэж санасандаа хүрч өнөөдөр яллаа гэхэд маргааш буцаад ялагдахгүй гэх баталгаагүй.
эх сурвалж: gogo.mn